Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“АРДЧИЛСАН ШИЛЖИЛТЭЭС СУРАЛЦАХ НЬ” СЭДЭВТ АРДЧИЛЛЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

“АРДЧИЛСАН ШИЛЖИЛТЭЭС СУРАЛЦАХ НЬ” СЭДЭВТ АРДЧИЛЛЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

MPA PHOTO 2016-1307Гадаад харилцааны яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-тэй хамтран “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форумыг Улаанбаатар хотноо энэ 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Форум 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд ардчилалд шилжсэн туршлага, алдаа оноо, ололт амжилтаасаа хуваалцах зорилготой энэхүү форумд АСДҮОХ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Бельги Улсын Ерөнхий сайд асан Ив Летерме, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лэйсснэр, Бүгд Найрамдах Индонези Улсын Төлөөлөгчдийн танхимын Дэд дарга Фадли Зон тэргүүтэй төлөөлөгчид, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Бишкек дэх төвийн дарга, Элчин сайд Сергей Капинос, Судан, Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгч Николас Хайсом, Непал Улсын Сонгуулийн комиссын дарга асан Бхожраж Покхарел зэрэг нэр хүндтэй гадаад, дотоодын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ардчиллын форумыг нээж хэлсэн үгэндээ ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Гадаад бодлогын тулгуур зарчим болохыг онцлон тэмдэглээд ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Мөн ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээрх өөрийн орны туршлагыг бусад улс орнуудтай хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын ардчилал” сэдвээр үндсэн илтгэл тавьж, ардчиллын замнал, ардчилсан сонгууль, олсон ололт амжилт, сургамжийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Ардчиллын форумын үеэр “Үндсэн хуулийн шинэчлэл,өөрчлөлт”, “Ардчилсан шилжилтэд аюулгүй байдлын гүйцэтгэх үүрэг”, “Манлайллын үүрэг, нийгмийн хөдөлгөөн”, “Ардчилсан шилжилт дэх эмэгтэйчүүдийн үүрэг”, “Олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг” зэрэг сэдвээр үндсэн 5 хуралдаан болох юм.

Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнд 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг энэ онд даргалж байгаа юм.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн буюу IDEA нь 1995 онд байгуулагдсан, дэлхий дахинд ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Шведийн Стокгольм хотноо байрладаг юм.