Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яамны дээд боловсролын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Палкович Ласлотай 2016 оны 8 сарын 23-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/, Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яам хооронд 2015-2017 онуудад хамтран ажиллах гэрээний дагуу Унгар Улсын ЗГ-ын тэтгэлгээр 2016/2017 онд суралцах 100 оюутны асуудлаар ярилцаж, өнгөрсөн жилийн үлдсэн квотыг нэмж, энэ хичээлийн жилд нийт 104 монгол оюутан сургахаар тохиролцов. Мөн Хөгжим бүжгийн коллеж, Будапешт хотын “Vienna Konzervatórium” хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус улсад хөгжмийн мэргэжлээр суралцах 30 монгол хүүхэд, Унгар Улсын “ Пушкаш Ференц”-ийн нэрэмжит Хөл бөмбөгийн академид суралцах 4 хүүхдийн асуудлаар ярилцав. Мөн Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын танхим болон тус танхимийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Элчин сайд З.Батбаяр уулзалтын үеэр Монгол, Унгарын ард түмэн түүхийн шижмээр холбогдсон, бие биедээ ойр ард түмэн тул соёл урлаг, түүх, спортын харилцаан дээр үндэслэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, шинэ нөөц бололцоог ашиглан эрчимжүүлж, хөдөө аж ахуй, усны аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодит боломж байгааг тэмдэглэв.