Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд өнөөдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Син Хаймин дэд сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны дэд сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жөньмин, туслах сайд Кун Сюньюгийн зүгээс хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Син Хайминд хариу талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд Син Хаймин нар улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний харилцан айлчлал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.