Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО”АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО”АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

IMG_45292016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ), Олон улсын хуулийн хөгжлийн байгууллага (ОУХХБ)-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо” арга хэмжээг зохион байгууллаа.

            Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын түүхэнд хамгийн олон талын дуу хоолой, оролцоог хангаж тодорхойлсон баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төрийн албаны хариуцан тайлагнах тогтолцоо, түүнд иргэдийн зүгээс хяналт тавих боломжийг хангах нь онцгой чухал гэж цохон тэмдэглэв. Элчин сайд С.Сүхболд цааш нь тогтвортой хөгжлийн 16 болон 5, 10, 17 дахь зорилтын хүрээнд хариуцан тайлагнах асуудал тодорхой заагдсан боловч энэ асуудал Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилго, зорилт бүрийн хэрэгжилтэд хамаарна гээд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд засаглалын тухай тусгай зорилгыг тусгаж, 2030 хүртэл засаглалын тогтвортой, найдвартай үйл ажиллагааг хангах зарчим, үйл ажиллагааг тодорхой зааж өгснийг дурдав.

            Мөн энэхүү арга хэмжээн дээр ACДҮОУХ, ОУХХБ-ын төлөөлөгчдөөс гадна Филиппиний Үндэсний статистик, бүртгэлийн газрын тэргүүн Лиза Грэйс Берсайлис, Азийн ардчиллын сүлжээний ЕНБД Анселмо Ли нар оролцож, Азийн орнуудын туршлага, сургамжийг хуваалцав.

            Ардчилал, хүний эрх, хариуцлагын тогтолцоо үгүйгээр тогтвортой хөгжлийн зорилгууд хэрэгжихгүй тул улс төрийн үйл явц, төрийн институциудын үр дүн,  хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх хэрэгтэй бөгөөд үүний тулд ард иргэд, улс төрийн намууд, парламент, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, холбогдох бусад талын оролцоо, хяналтыг хангах арга, механизм чухал болохыг илтгэгч, оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байлаа.