Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хоёрхон сарын дараа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийллээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс олон улсын дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ ойр ойрхон хэрэгжиж байгаа нь БНСУ, Монгол Улсын харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаж байв.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.