Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Хатагтай Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон бөгөөд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь өнөөдөр өглөө эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г Эзэн Чингисийн нэрэмжит талбайд угтан авч, Төрийн хүндэт харуул жагсав.
Угтах ёслолын дараа эрхэм зочин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, Монголд амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.