АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын гишүүнчлэл 26-аас 53 түнш болж өргөжин тэлж ирсэн нь АСЕМ Ази, Европын хамтын ажиллагаа, яриа хэлцээний чухал, өвөрмөц талбарынхаа хувьд ач холбогдолтой бөгөөд хэрэгтэй гэдгээ нотлон харуулж байгааг бид бахархалтайгаар тэмдэглэж байна. АСЕМ нь бат бэх энх тайван, аюулгүй бөгөөд тогтвортой байдал, эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх замаар 21-р зууны дэлхийн хөгжлийг тодорхойлоход чухал хүчин зүйл болсоор ирсэн ба цаашид ч байх болно.
Бид АСЕМ нь :
- Ази, Европын хооронд харилцан ойлголцлыг бий болгон бэхжүүлэх,
- Улс төрийн яриа хэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон нийгэм-соёлын солилцоог нэмэгдүүлэх,
- Ази, Европ хоорондын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, энх тайван ба хөгжлийн төлөөх харилцаа, харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх,
- Ази, Европын сан \АСЕФ\-гаар дамжуулах зэрэг арга замаар хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлэх боломж бий болгох,
- Бүс хоорондын болон дэлхийн түвшинд, түүнчлэн хоёр бүс нутгийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх,
- Үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад олон талт үйл явцыг бэхжүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн гэж үзэж байна.
Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ази, Европын хооронд илүү нягт уялдаа холбоо, илүү үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар АСЕМ-ын үйл явцыг нээлттэй, хувьсан хөгжих байдлаар урагшлуулах шийдвэр төгс байна.
АСЕМ-ын үйл явц нь нийтийн зөвшилцлийн үзэл санааны дагуу эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр цааш хөгжих ёстой гэдгийг бид бататган илэрхийлж байна.
Бид АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд эсвэл 3 дугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв.
АСЕМ-ыг гурав дахь арван жилд нь амжилттай залан чиглүүлэхийн тулд бид дараах үүргийг хүлээж байгаа болно:
Түншлэлээ бэхжүүлнэ
2000 оны Ази, Европын Хамтын ажиллагааны зааг хүрээ болон АСЕМ-ын бусад баримт бичигт тодорхойлсны дагуу албан бус улс төрийн яриа хэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачилгууд нь бидний түншлэлийн гол цөм нь байна. Өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын байдал тогтворгүй, хувирамтгай болж байгаа өнөө үед АСЕМ нь үр ашиг бүхий олон талт хамтын ажиллагааны үйл явц, эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тогтооход тус дөхөм үзүүлэх үүргээ бэхжүүлнэ. АСЕМ нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжил болон баталгаатай амьжиргааны түвшинд хүрэхийг зорьж буй ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлэхийн тулд түншлэлийнхээ гол гурван тулгуураа тэнцвэртэй хөгжүүлж бэхжүүлнэ. АСЕМ нь Ази-Европын олон талт, хүн төвт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
Бодит өгөөжийг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Бидний санал санаачилгууд нь албан бус яриа хэлцээнээс эхлээд Ази, Европын улс түмэнд бодит үр өгөөжөө өгөх хүртэл үр дүнтэй байх явдлыг хангахын тулд АСЕМ нь нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад анхаарлаа төвлөрүүлэх болно. Үүнд, терроризм, түрэмгий экстремизмтэй тэмцэх, далайн аюулгүй байдал, далайн дээрэм болон зэвсэгт халдлагатай тэмцэх, хүний ба хар тамхины наймаа, кибер аюулгүй байдал ба кибер гэмт хэрэг, мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон түүний ашиглалтын аюулгүй байдал, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг дээдлэн сахих, хуулийн засаглал ба олон улсын эрх зүйг нийтээр хэрэгжүүлэх, хүний эрх, авилгатай тэмцэх, шилжилт хөдөлгөөн, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдлийг бууруулах ба түүний удирдлага, хүнс-ус-эрчим хүчний аюулгүй байдал, эх газрын болон далайн нөөц баялаг ба хууль бус, бүртгэгдээгүй болон хяналтгүй загас агнууртай холбоотой асуудлууд, боловсрол, ядуурлыг арилгах, цэнхэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, либералчлах, шинжлэх ухаан, тенологи, инноваци, тээвэр, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа, чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн чадавхижуулалт, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг багтана. АСЕМ нь дорвитой хувь нэмэр оруулж чадах, хоёр бүсийн аль алинд нь ашиг тусаа өгөх салбаруудад анхаарлаа төвлөрүүлэхийг зорино. Үүнтэй холбогдуулан, хамтын ажиллагааны бүх санаачлага, механизмууд нь АСЕМ-ын үйл ажиллагаанд хүмүүсийн, ялангуяа залуучууд ба бизнесийн оролцоог нэмэгдүүлэхийг зорих ёстой. Үр өгөөжөө өгөхүйц хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрийн хүрээнд хэрэгжүүлэх санал санаачилга, төслүүд болон төрөл бүрийн салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах нь АСЕМ-ын түнш орнуудын хөгжлийн ялгааг багасгах, хөгжиж буй түншүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой.
Уялдаа холбоог бүхий л чиглэлээр бэхжүүлнэ
Уялдаа холбоог төрөл бүрийн чиглэлд хөгжүүлэх нь чухал бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зорилт юм. Уялдаа холбоог АСЕМ-ын хамтын ажиллагааны бүх чиглэлд тусган бататгах болно. Хоёр бүс нутгийн харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд АСЕМ-ын үйл ажиллагааны аль ч салбарт Ази, Европыг салган авч үзэх боломжгүй юм. АСЕМ нь гишүүнчлэлээ өргөжүүлэн улам харилцан хамааралтай, хамтын ажиллагааны шинж чанартай болж байгаа тул Ази, Европын хооронд энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хийгээд хүртээмжтэй хөгжлийн төлөө уялдаа холбоог өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой тавцан болж байна. Энэ нь улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа, нийгэм, соёлын болон хүмүүс хоорондын харилцаа холбоо бүхий АСЕМ-ын тулгуур гурван чиглэлээрх бидний түншлэлийн бүх талыг хамарна.
Албан бус шинж чанар, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан байдлыг хөгжүүлнэ
2006 оны “АСЕМ-ын ирээдүйн талаарх Хельсинкийн тунхаглал”-ыг цохон дурдахын хамт нэг нэгнийхээ түүх, соёл, уламжлал, хүсэл эрмэлзлийг илүү сайн ойлгож, хүндэтгэлтэй хандах үүднээс бид АСЕМ-ын хүрээнд албан бус байдал, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан чанарыг бэхжүүлэхийн ач холбогдлыг дахин онцолж байна.
Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд Ази, Европын залуучуудын чуулга уулзалтыг түүнд хамруулах, Ази-Европын хөдөлмөрийн чуулга уулзалтыг АСЕМ-ын нэмэлт оролцогчийн форум болгох замаар тэдний оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, АСЕМ-ын оролцогч талуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.
Дараагийн арван жил рүү
АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан АСЕМ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ард түмнийхээ тогтвортой, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгож, өнөөгийн хийгээд хойч үеийнхэндээ амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс Ази, Европын хоорондын уялдаа холбоо, харилцан ашигтай түншлэл болон хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран зүтгэх улс төрийн хүсэл зориг дүүрэн, шийдвэр төгс байгаагаа дахин илэрхийлж байна.