Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн-ий 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, чингэхдээ уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Түүнчлэн, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад Сингапур Улсын дэмжлэгийг авч хамтран ажиллах асуудлаар санал солилцов.