Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.

Талууд хоёр орны эдийн засаг, мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон  Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.

Төрийн ёслолын журамд заасны дагуу Эзэн Хаант, Парламентын засаглалтай улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн хүндэт зочноор хүлээн авдаг болно.