Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний 11-р уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болоод байна. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулж буй юм. Өнөөдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн редакторуудын дугуй ширээний 8 дахь чуулганыг нээж үг хэллээ. Л.Пүрэвсүрэн сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Хурлын эрхэм төлөөлөгчид өө,
Хатагтай ноёд оо,
Редакторуудын дугуй ширээний 8 дахь удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэн Улаанбаатар хотод , Монгол Улсад тавтай морилно уу… Энэ арга хэмжээ удахгүй болох Ази Европын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт, АСЕМ үүсэн байгуулагдсаны 20 жилийн тэмдэглэлт ойн өмнө болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Энэ завшааныг ашиглан Ази Европын сан болон Конрад Аденаурын сан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн , ялангуяа олон орны нэр хүндтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэх боломжийг бүрдүүлж өгсөнд гүн талархал илэрхийлье. Энд манай улсын нэртэй сэтгүүлчид , хэвлэл мэдээллийнхэн мөн хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн санал бодлоо харилцан солилцож үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн дугуй ширээний уулзалт үр өгөөжтэй болж, улс үндэстэн, хүмүүс хоорондын уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх үйлсэд илүү алсыг харсан санаа бодлыг түгээн дэлгэрүүлж чадна гэж найдаж байна.
20 жилийн өмнө Ази Европын хэд хэдэн орнуудын засгийн газрууд санаачлан Тайландын Бангкок хотноо АСЕМ-ийн үйл ажиллагааг эхлүүлснийг та бид мэднэ. Өнөөдөр АСЕМ эгнээндээ 53 орныг багтаагаад байгаа төдийгүй цаашид хүрээгээ өргөжүүлэн тэлж, улам олон гишүүдийг эгнээндээ татахаар байгаа нь АСЕМ-ын ач холбогдол, эрч хүч саараагүй байгаагийн илэрхийлэл юм.
Орчин үед дэлхий ертөнц цахим сүлжээнд тулгуурласан харилцаа холбооноос улам бүр хамааралтай болж байна. Ийм ч учраас та бүхний энэ удаад хэлэлцэхээр төлөвлөж буй “ Цахим харилцаа “ –ны тухай сэдэв нь сайтар судалж, хэлэлцэх асуудлын нэг билээ .
Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдэг ба хэвлэл, мэдээлийн эрх чөлөөтэй улс билээ. 1998 онд манай парламент Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш манай улсад төрийн өмчийн хэвлэл , мэдээллийн хэрэгсэл байхгүй болсон юм. Мөн тэрчлэн 2011 онд баталсан өөр бас чухал хууль бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль юм. Энэ хуулиар олон нийтийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах болон захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагууд нь бие даасан, хараат бус байж, аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байхаар тогтоосон юм.
Бидний амьдралд харилцаа холбооны технологи улам нэвтэрч бид түүнээс хамааралтай, түүнд бүр дуршилтай ч гэж хэлж болохоор болоод байна. Монгол улс тоон технологи болон нэг хүнд ногдох интернет хэрэглээгээрээ аль хэдийнээ бүс нутагтаа тэргүүлэх цөөн улсын нэг болж чаджээ. Монгол Улсад нийт 3 сая 200 мянган үүрэн гар утас идэвхтэй хэрэглэгч , 3.1 сая дата хэрэглэгч бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн гар утасны бүх компаниуд 4G горимд шилжээд байна. Монголын нийт үүрэн телефон эсхүл таблет хэрэглэгчдийн 75 хувь нь 3G , 4G горимд хамрагдсан байна. Монгол Улсад нийт 2.4 сая хүн интернэтийг идэвхтэй ашиглаж байна . Сансрын буюу диш ТВ , MMDS , IPTV гэх мэт технологи аль хэдийн манайд нэвтэрч монголчуудын өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай хот , хөдөөгийн нийт ТВ хэрэглэгчдийн тэн хагасаас илүү нь кабелийн буюу олон сувгийн ТВ үзэж байна.
Хүн төрөлхтөний харилцаа холбооны төлөв хандлагаас харахад технологийн дэвшил биднийг улам бүр ойртуулна гэж бодож байна. Харин энэ их мэдээллийн урсгалыг хэрхэн яаж зөв залах вэ гэдэг талаар бид сайтар бодох хэрэгтэй юм. Миний үзэж байгаагаар олон нийтэд мэдээллийг шуурхай , үнэн бодитоор , хараат бусаар хүртээх чиглэлд хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүс өнөөдөр энд цуглараад байна.
Иймд би энэхүү Дугуй ширээний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Эрхэм анд нөхөд та бүхнийг Улаанбаатар , Монгол Улсад тавтай морилохыг дахин хүсье.
Баярлалаа.