Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрКРАСНОЯРСК ХОТОД ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ БОЛОВ

КРАСНОЯРСК ХОТОД ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ БОЛОВ

1 ОХУ-ын Красноярск хотод Ази, Номхон далайн орнуудын олон улсын хөгжмийн фестиваль    2016 оны 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү хөгжмийн фестивальд Монгол Улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Казахстан, Вьетнам, Аргентин, Венесуэл, Колумби, Мексик зэрэг 18 улсаас 300 төлөөлөгч оролцсоны дотор олон тооны бүжигчид, үндэсний хөгжмийн ансамбль, жаз групп, гоцлол болон найрал дуучид, оркеструуд, хөгжимчид, зураачид, хөгжмийн зохиолчдын бүрэлдэхүүн багтжээ. Энэ жилийн фестиваль 5 жилийн ойдоо зориулагдсанаар онцлогтой болсон  бөгөөд түүнийг ЮНЕСКО-гийн ивээл доор ОХУ-ын Соёлын яам, Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр  зохион байгуулав.

6 дугаар сарын 27-ны өдөр уг фестивалийн хаалтын үйл ажиллагаа болж, монголын балетчин, морин хуурчид гала концертод оролцсон ба энэхүү арга хэмжээг ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Г.Зоригт үзэж сонирхов. Пермь хотын балетын сургуулийн оюутан Э.Цолмон эрэгтэй гоцлол балетын бүжиг бүжиглэсэн нь өсөх ирээдүйтэй, авьяаслаг уран бүтээлч болохоо харуулж олон нийтийн сайшаал, талархалыг хүлээж байв.

2Красноярск хотноо зохиогдсон Ази, Номхон далайн орнуудын олон улсын хөгжмийн фестивалийн арга хэмжээнд Москва дахь Монгол Улсын ЭСЯ Элчин зөвлөхөө оролцуулсанд талархалтай, хүндэтгэлтэй хандаж байлаа. Үүний нэг илрэл бол Красноярск хотын дарга Эдхам Шукриевич Акбулатов, Красноярскийн хязгаарын Соёлын яамны сайд Елена Николаевна Мироненко нар Элчин зөвлөхийг хүлээн авч уулзаж, хаалтын концертыг хамтдаа үзэцгээсэн болно. Ийнхүү тус арга хэмжээнд ЭСЯ-ны төлөөлөл биечлэн оролцсон нь улсаа сурталчлан таниулах, урлагийн хамт олноо дэмжихэд ач холбогдолтой болов.