Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаанд тус Ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар оролцсон тухай сайд мэдээлэв.
Гишүүн орны төрийн тэргүүн нар ШХАБ-ын өнгөрсөн 15 жилийн үйл ажиллагааны гол үр дүнг хэлэлцэж, олон улс болон бүс нутгийн өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцож, дээд түвшний уулзалтын дүнд Ташкентын 15 жилийн ойн тунхаглалд гарын үсэг зурав. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын нэг гол үр дүн нь гишүүн орны статустай болох эрх, үүргийн тухай Санамж бичигт Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс гарын үсэг зурсан явдал байв.
Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны хүрээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтын механизмын гурав дахь уулзалтыг хятадын тал даргалан зохион байгуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Талууд гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дээрх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлээ нотолсон болно.
Гурван талт хамтын ажиллагааны бодит үндсийг бүрдүүлэх баримт бичгүүд болох “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” болон “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол-Орос-Хятадын Гаалийн байгууллагууд хоорондын хэлэлцээр”-т тус тус гурван улсын төрийн тэргүүн нарыг байлцуулан гарын үсэг зурсан нь уг дээд түвшний уулзалтын гол үр дүн болсон гэж үзэж байна.
2017 онд болох гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг монголын тал даргалах болно.
Уулзалтын төгсгөлд сайд Л.Пүрэвсүрэн эдгээр болон хилийн чандад дахь иргэдийн асуудлаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.