Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТӨЛӨӨЛӨГЧИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХУДАЛДААНЫ САЙД НАРЫН 5 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

ТӨЛӨӨЛӨГЧИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХУДАЛДААНЫ САЙД НАРЫН 5 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

imageДалайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Худалдааны Сайд нарын 5 дугаар хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Женев дэх Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) дээр болов. Тус хуралдаанд Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ДГХБО-ын Худалдааны Сайд нарын 5 дугаар хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд төлөөлөгчдийн тэргүүний хувьд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийг онцлон дурдаад, тэдгээрийг даван туулах арга замыг далайд гарцгүй хөгжиж буй орнууд хамтдаа эрэлхийлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, цаашид хэрхэн хамтран ажиллах стратеги, байр сууриа тодорхойлоход энэхүү хуралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.

Түүнчлэн, ДГХБО-д тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх талаар эрчимтэй хамтран ажиллах, худалдаа, тээвэртэй холбоотой асуудлуудыг тусгасан ДГХБО-ын 2014-2024 онд мөрдөж ажиллах “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг хөгжлийн баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажиллахын чухлыг онцлов.

Мөн Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж хэлсэн үгэндээ олон талт худалдааны тогтолцооны хэлэлцээний хүрээнд хамгийн урагштай явж байгаа хэлэлцээр болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон батлах асуудал, ДГХБО-д чиглэсэн тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийн чухлыг дурьдахын зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Улаанбаатар дахь Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, уг төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг бусад гишүүн орнуудад уриалав.

Энэхүү хуралдааны үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Улаанбаатар дахь Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар болон тус төвөөс шинээр гаргасан судалгааны материалыг танилцуулах арга хэмжээг ДГХБО-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ), НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурал (НҮБ-ын ХХБХ) болон Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран зохион байгуулсан нь уг төвийг үүсгэн санаачлагч манай улсын хувьд чухал ач холбогдолтой болов.