Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайдын яам, Сурабаяа дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Индонез дахь Монгол Улсын Соёлын элч нар хамтран Жакарта хотноо энэ оны 6 дугаар сарын 25-26-нд Монголын каллиграфи, оньсон тоглоомны үзэсгэлэн зохион байгууллаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Ш.Батцэцэг болон хүндэт зочноор оролцсон Жакарта хотын Захирагч Басуки “Ахок” Чахаяа Пурнама, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбооны Индонез дахь салбарын Ерөнхийлөгч Пурномо Сисвопратэсижо нар тус тус үг хэлэв.

Элчин сайд Ш.Батцэцэг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь энэ жил зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын уран бичлэг болон монголчуудын оюун ухааныг шингээсэн оньсон тоглоом нь индонезчуудад Монголын тухай илүү ихийг мэдэх боломж олгохын зэрэгцээ, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Жакарта хотын Захирагч Басуки хэлэхдээ хоёр орны харилцааны 60 жилийн түүхийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү үзэсгэлэн чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлохын зэрэгцээ тэрээр Монголын түүх, соёл, гүн ухааныг ихээр сонирхож ирсэн тухай ярив. Мөн Жакарта дахь бусад орны дипломат төлөөлөгчийн газрууд Монгол Улсын ЭСЯ-ны адил ийм төрлийн арга хэмжээ зохиож байвал Жакартагийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэв.
Үзэсгэлэнгийн нээлтийг сонирхож Жакарта хотын иргэдээс гадна тус хотод суугаа гадаадын орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын тэргүүн, бусад төлөөлөгчид, Жакартад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд олноор ирж, уран бичээч Л.Түвшинжаргал, Ц.Тамир нарын бүтээл болон Олон улсын оюун ухааны музейн үзмэрүүдтэй танилцав.

Индонезийн мэдээллийн тэргүүлэх телевизийн суваг болох CNN Indonesia, Kompas TV, Metro TV-ийн сэтгүүлчид арга хэмжээг ирж сурвалжилсан нь Монгол Улсын соёлыг индонезийн үзэгчдэд хүргэж, сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэв.