Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЦ.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОХИРОЛЦООГ БОДИТ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЗОРИЛТ БИД БҮХНИЙ ӨМНӨ ИРЖ БАЙНА

Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОХИРОЛЦООГ БОДИТ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЗОРИЛТ БИД БҮХНИЙ ӨМНӨ ИРЖ БАЙНА

13518207_10207666747121620_1195932502_oМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ГУРВАН ТАЛТ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН  ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ

Ташкент хот, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,

ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгах ялдамд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт болж байгаад баяртай байна.

Өнөөдөр бид  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр зэрэг гурван талт хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэж байна.

Хөрш гурван улсын хооронд хамрах цар хүрээгээрээ урьд өмнө хэзээ ч байгаагүй томоохон хөтөлбөрийн тухай энд яригдаж байгааг онцолмоор байна.

Одоо гурван талт хамтын ажиллагааны тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилт бид бүхний өмнө ирж байна.

Эрхэмсэг ноёд оо,

13518244_10207666746441603_1437162969_oЭнэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэхийг хүрсч байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд:

Юуны өмнө гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах саналтай байна.

Цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлж байна.

Хоёрдугаарт, гурван улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын хүрээнд:

Төмөр замын төслүүдийг урагшлуулах бодитой механизм болох гурван талын Тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг тогтмолжуулах хүсэлтэй байна. Гурав дахь удаагийн уулзалтыг энэ оны 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцахаар төлөвлөж байна.

putinГуравдугаарт, гурван улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох асуудал юм.

Манай хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Ирээдүйтэй салбаруудын нэг нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа юм. Монгол,Орос,Хятадын зүүн бүс нутагт дэд бүсийн гурван талт хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай саналыг Хятадын талаас гаргасныг бид зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид холбогдох төлөвлөгөөг гаргаж ажиллахад Монголын тал бэлэн байна.

Хоёр талын хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан хөдөө аж ахуй, гамшгийн байдал, түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, арилгах зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг чиглүүлэх, хөгжүүлэх боломжтой гэж бид үзэж байна.

Манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний дараагийн  уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.