Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МЕНЕЖЕР ДАВТАН СУРГАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

“МЕНЕЖЕР ДАВТАН СУРГАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2ХБНГУ-ын Берлин хотноо энэ оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Германы Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентийн ТНБД ноён Уве Бекмайер нар “Монгол Улсын эдийн засгийн салбарын удирдах боловсон хүчнийг давтан сургах хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, ГОУХАН-ы төслийн менежер Катрин Трушевски болон ЭСЯ-ны ажилтнууд байлцав.

ТНБД ноён У.Бекмайер тус яамнаас хэрэгжүүлдэг хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж, дахин гурван жилээр сунгагдах болсонд баяртай байгааг илэрхийлээд хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагуудад амжилт хүсэв. Элчин сайд Ц.Болор “Хөтөлбөрт хамрагдсан монгол менежерүүд монгол-германы эдийн засгийн харилцаанд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн” хэмээн онцолсон юм.

3Талууд уг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар “Менежер давтан сургах хөтөлбөр” нь 2019 оныг дуустал үргэлжлэн хэрэгжих боломжтой болж байна. Хөтөлбөрийн хүрээнд германы тал оролцогчдын сургалт, хөтөлбөр болон тэдний германд байх хугацааны тэтгэмж, байр болон тээврийн зардал хариуцан даадаг. Оролцогчид зөвхөн Монголд байх сургалт болон улс хоорондын аяллын зардлыг өөрсдөө хариуцдаг юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЗНХ) болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ажиллаж байна.

Менежер давтан сургах хөтөлбөрт 2009 оноос хойш монголын нийт 300 гаруй залуу менежерүүд хамрагдаад байгаа бөгөөд тэд ХБНГУ-д нэг сарын хугацаанд германы үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагааны туршлагатай танилцаж, тэдгээрийн биенесийн соёлын онцлогоос суралцан, орчин үеийн техник, технологитой газар дээр нь танилцах боломжтой байдаг юм. Үүнээс гадна хөтөлбөрт хамрагдагсдад Герман улсын зах зээлтэй танилцаж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байдаг нь хөтөлбөрийн хүрээнд бодит үр дүн гарах гол хүчин зүйл болдог юм.