Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2016 оны 6 дугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд, тусгай, дунд боловсролын сайд А.В.Вахабовтой Ташкент хотноо уулзаж, хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцааны тухай ярилцав.
1990 он хүртэл Узбекистанд Монголын 2000 гаруй иргэн дээд, тусгай болон техникийн мэргэжил эзэмшсэнийг дурьдаад, цаашид тэднийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалуулах, мөн Узбекистаны Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутнуудыг сургах саналыг тавив.
Элчин сайд түүнчлэн хоёр улсын шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа түүх, соёлын судалгаа хамтран явуулах асуудлыг хөндөж ярив.
Тус уулзалтад Узбекистаны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал А.Фатхуллаев байлцав.