Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБРАЗИЛ-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ БАЙГУУЛАГДАВ

БРАЗИЛ-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ БАЙГУУЛАГДАВ

1Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Парана мужийн Амбан захирагч ноён Алберту Ришагийн урилгаар тус мужийн нийслэл Куритиба хотноо 2016 оны 6 дугаар сарын 21-нээс 24-нд айлчилж байна. Айлчлалыг тохиолдуулан Парана мужийн Худалдааны танхимын дэргэд байгуулагдаж буй Бразил, Монголын Худалдааны танхимыг албан ёсоор нээж, ёслолын арга хэмжээнд Элчин сайд хүндэт зочноор оролцов. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бразилийн улс төр, бизнесийн төлөөлөлд Элчин сайд Ч.Сосормаа Монголд бизнес эрхлэх орчин, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийн талаар мэдээлэл хийж, хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, тодорхой санал санаачилгуудыг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Парана муж нь дэвшилтэт технологийг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа амжилттай нэвтрүүлж, улмаар эдийн засгийн хөгжлөөр улсдаа дөрөвдүгээрт жагсаж байна. Айлчлалын үеэр Элчин сайд Куритиба хотын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмснөөс этанол, хог хаягдлаас биотүлш гаргаж авах технологи бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зочлох бөгөөд бразилийн бизнес эрхлэгчид ийм төрлийн үйлдвэрүүдийг Монголд байгуулах, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолоо илэрхийлээд байгаа юм.