Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 14-16 өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийсэн ажлын айлчлал, тус айлчлалын хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны сан, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулсан “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2” олон улсын семинар, БНХАУ-ын Бээжин хотноо 6 дугаар сарын 8-ны өдөр болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит гуравдугаар зөвлөлдөх уулзалт болон Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайдын түвшний стратегийн яриа хэлэлцээний хоёрдугаар уулзалтын тухай сайд Л.Пүрэвсүрэн тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Боржэ Брэнтийн урилгаар 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Осло Форум”-д оролцсон тухай болон Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулагдсан АСЕМ-ын Ази, Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хүрээнд БНУУ-ын Ташкент хотноо 6 дугаар сарын 23-ны өдөр болох Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээний уулзалтын тухай мэдээлэв.
Мөн 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ГХЯ-нд зохион байгуулсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын гуравдугаар Бага хурал, 6 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд ГХЯ-нд зохион байгуулсан “Ардчилалд шилжсэн Монгол Улсын туршлага” сэдэвт семинарын тухай мэдээлж эдгээр болон хилийн чандад дахь иргэдийн асуудлаарх сэтгүүлчдийн сонирхсон асуулад хариулсан юм.