Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны сан, Норвегийн Осло төвтэй хамтран «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт Уул уурхай, эрдэс баялагийн сайд нарын олон улсын семинарыг 2016 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Мьянмарын Нэйпидо хотноо зохион байгуулж байна.
Уг семинарт оролцож буй төлөөлөгчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж, Монгол Улсаас санаачилсан Олон улсын сангийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээг танилцуулав.
Нэйпидо хотноо зохион байгуулж буй дээрх арга хэмжээ нь өмнө нь 3 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан семинарын үргэлжлэл юм.
Тус семинарт Монгол, Мьянмар, Киргиз, Тимор Лесте, Бутан Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын өндөр албаны 80 гаруй төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил, ашигт малтмалын салбарт тулгамдаж байгаа сорилт, ололт амжилтын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцаж байна.
Семинарыг Мьянмарын Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Уул уурхайн сайд Р.Жигжид нар нээж үг хэлэв.
Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчилалд шилжиж буй улс орнуудтай хуваалцаж хамтран ажиллах хүрээнд Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сан Мьянмар, Киргиз, Зүүн-Тимор зэрэг улстай сайн засаглалыг хөгжүүлэх, байгалийн нөөцийн зөв зохистой менежмент зэрэг асуудлаар хамтран ажиллаж байгаа юм.
Семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик, Бутаны Ерөнхий сайд асан Жигмэ Тинлэй, Зүүн-Тиморын Газрын тосны сайд А.Пайрес зэрэг нэр хүндтэй өндөр түвшний төлөөлөгчид, судлаачид өөрсдийн орны уул уурхайн салбарын хөгжлийн тухай, ашигт малтмалыг зөв зохистой ашиглах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.