Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Яношт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг өргөн барих үеэр Элчин сайд З.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилав.
Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Янош Монгол, Унгарын ард түмэн түүхийн шижмээр холбогдсон, бие биедээ ойр ард түмэн тул энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал суурь болохыг онцоллоо.
Тэрбээр, Унгар Улс Азийн орнуудтай тэр тусмаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёлын нөхөрсөг харилцаагаа шинэ түвшинд гаргахыг чухалчлаад, эдийн засгийн харилцааны шинэ нөөц бололцоог ашиглан эрчимжүүлж, хөдөө аж ахуй, усны аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодит боломж байгааг тэмдэглэв. Мөн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог ирэх жилээс 200 болгон нэмэгдүүлэх, Биокомбинатын шинэчлэлийн асуудлыг эрчимжүүлэх талаар харилцан ярилцав.