Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЛ.ПҮРЭВСҮРЭН САЙД ШАМШАД АХТАР-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ШАМШАД АХТАР-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

MPA_3579Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга (ГНБД) Шамшад Ахтарыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож буйд талархал илэрхийлээд, уг уулзалтаас гарах баримт бичиг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Аддис Абабагийн үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн, НҮБ-ын АНДЭЗНК манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, нэн ялангуяа дэд бүтцийн хөгжил, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн энэ жил тохиож байгаа бөгөөд НҮБ-ын системийн нэг байгууллагын тэргүүн манай улсад зочилж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг Гадаад хэргийн сайд онцолж, Монгол, АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төдийгүй эрчим хүч, шинжлэх ухаан, технологи зэрэг чиглэлүүдээр бүс нутгийн болон Зүүн Хойд Азийн дэд бүсийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар тодорхой санал солилцов.

АНДЭЗНК-ын ГНБД Шамшад Ахтар Зүүн, Зүүн Хойд Азийн салбар бүсийн захирал К.Рамакришна-гийн нар АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.