Монгол Улсын БСШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр “Universe Best Songs-2016” уралдааны ялагч Ц.Шинэбаярыг ОХУ-ын нийслэл Москва хотын дэлхийд алдартай Их театрт “Дон Паскуале” дуурь үзэх тасалбараар шагнаж, очих, буцах зардлыг нь даажээ.
Ц.Шинэбаяр нь Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийн оюутан бөгөөд Ардын жүжигчин А.Долгорын унаган шавь юм.
Москва хотноо Ц.Шинэбаярыг ЭСЯ-н дээр байрлуулсан ба Элчин сайд Б.Дэлгэрмаа Их театрт дуурь үзэх тасалбарыг нь БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн нэрийн өмнөөс гардуулж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэв.
Ардын жүжигчин А.Долгор өөрийнх нь унаган шавьд ийм боломж олгосон БСШУ-ны сайд Л.Гантөмөр, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Элчин сайд Б.Дэлгэрмаа нарт талархал илэрхийлж өөрийнхөө дууны гурван CD-ийнээс ЭСЯ-ны бэлэг дурсгалын санд бэлэглэв.
СУИС-ийн төгсөх ангийн оюутан Ц.Шинэбаяр ОХУ-ын нийслэл Москва хоттой танилцах, алдарт Их театрт дуурь үзэх боломж олгосон БСШУ-ны сайд Л.Гантөмөрт талархал илэрхийлж, өөрийн их багш А.Долгорын дуулдаг “Аав, ээждээ” алдарт дуугаа Элчин сайд Б.Дэлгэрмаад зориулан дуулаарай хэмээн багшийнхаа захиснаар ЭСЯ-ны хамт олонд дуулж сонирхуулав.
Гайхамшигтай дуу хоолойтой авъяаслаг монгол бүсгүй маань монголын уртын дууны хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн Н.Норовбанзадын нутгийн бүсгүй бөгөөд Элчин сайд Б.Дэлгэрмаа Ц.Шинэбаярт: “Миний ээжийн адил алдарт Их театрын тайзнаа ая дуугаа өргөөрэй” хэмээн ерөөлөө.