Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн (International IDEA) Зөвлөлийг даргалж, тус байгууллагын гишүүн орнуудын хилийн чанад дахь төлөөллийг оролцуулан цуврал арга хэмжээ зохиож байгаагийн дотор 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа ЭСЯ Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Брюссель дэх Төлөөлөгчийн газартай хамтран гишүүн орнуудын Брюссель дэх төлөөлөгчдийн хурлыг Ази судлалын Европын хүрээлэнд (EIAS) зохион байгуулж Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж даргалав.
Хуралд Швед, Кабо Верде, Коста Рика, Ботсвана зэрэг улсуудын Элчин сайд, Канад, Өмнөд Африкийн ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч, Индонези, Швейцарь, Перугийн Элчин зөвлөх зэрэг 30 гаруй төлөөлөгч оролцсон нь өмнөх хурлуудаас цар хүрээ өргөн боллоо гэж IDEA хүрээлэн онцолж байна.
Энэ удаагийн хуралд Мянганы хөгжлийн зорилтуудыг боловсруулахад зохиогчоор оролцож байсан Доктор Ян Вандемоортель “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсний дээр Элчин сайд Х.Даваадорж IDEA хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалах хугацаандаа Монгол Улсын баримталж буй чиглэл, байр суурийг илэрхийлж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар, тус байгууллагын Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн А.Брадлей өөрийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тус тус мэдээлж гишүүн орнуудыг эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалцгаав.
Монгол Улс даргалах хугацаандаа “Ардчилсан шилжилтээс суралцах” гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөөс “Ази дахь ардчилсан шилжилт” олон улсын семинарыг Улаанбаатар хотноо 2016 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд АСДҮОУХ-тэй хамтран “Ардчиллын форум”-ыг энэ оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мөн АСДҮОУХ-тэй хамтран Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэг, ЕАБХАБ, Страсбург дахь Европын Зөвлөл зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Сонгууль ажиглагчдын сургалтын олон улсын төв” байгуулах санал дэвшүүлж хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлхий нийтэд ардчилалын үнэт зүйлсийг түгээж, ардчилсан шинэчлэлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий өндөр нэр хүндтэй тус байгууллагын Зөвлөлийг даргалж буй манай улс энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж, ардчилалыг бэхжүүлэх үйлсэд санаачилга гарган ажиллах нь Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөж, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чухал хувь нэмэртэй юм.