Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЭРРИТЭЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЭРРИТЭЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

imageМонгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри 2016 оны 6 дугаар сарын 5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлал Сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

Сайд Л.Пүрэвсүрэн АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг онцолж, Монгол Улсын ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Улс төр, батлан хамгаалахын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай буйг дурдан хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал талууд солилцов.

Мянганы Сорилтын Корпорацийн нэг дэх компакт гэрээг Монгол Улсад хэрэгжүүлснээр иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд хоёр дахь компакт нь Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг сайд Л.Пүрэвсүрэн онцлоод иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх саналыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэррид тавив.

image

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри Монгол Улс нь өөрийн улсад энхийн замаар ардчиллыг тогтоож чадсан төдийгүй дэлхий олон оронд ардчиллын үлгэр жишээ болж буйг онцлоод Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэх болсондоо баяртай буйгаа дахин илэрхийлэв. Энэ компакт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгтэй санал нийлж буйгаа мөн илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит алхмуудыг хийх шаардлага буйг тэмдэглэв.