Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур 2016 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхаж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, АҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг зэрэг албаны хүмүүстэй тус тус уулзав.
Албан ёсны уулзалтуудын үеэр Иран Улстай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Түүнчлэн, Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан солилцох, монголын мах, махан бүтээгдэхүүнийг Иранд экспортлох, цөлжилттэй тэмцэх салбарт хамтран ажиллах, Ираны уул уурхай, газрын тосны салбарын туршлагаас суралцах, Иранд оюутан сургахаар тохиров.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар хоёр улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Үндэсний музейд зохион байгуулж буй “Монгол, Ираны эрт, эдүүгээгийн харилцаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ үеэр Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур Лалын Бүгд Найрамдах Иран Улсад хадгалагдаж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой холбогдолтой 2200 түүхэн сурвалжуудын нэрийн жагсаалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт гардуулж өгөв.
Айлчлалын дүнгээр “Хамтран ажиллах тухай” Монгол Улсын Гадаад хэргийн яам, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.