Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж Женев хотноо хуралдаж буй Дэлхийн эрүүл мэндийн 69 дүгээр чуулганы “Эх дэлхийгээ өөрчлөх нь: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт” сэдэвт нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт энэ сарын 25-ны өдөр оролцож, үг хэлэв.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлаас энэ оны 2 дугаар сард Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” баримт бичгийг баталсан талаар танилцуулахын сацуу Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг хийх, салбаруудын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Дээрх хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан нь эдийн засаг, нийгмийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэрээр онцлов.
Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилтууд нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн улсын нөхцөл байдалд уялдуулах замаар тодорхойлогдсон болохыг тэрээр тэмдэглээд, тогтвортой хөгжлийн зорилт дахь эрүүл мэндийн зорилтуудтай холбогдуулан Монгол Улс нярай болон бага насны хүүхдийн сэргийлж болох нас баралтыг таслан зогсоож, эхийн эндэгдэл, халдварт бус өвчнөөс улбаатай эрт нас баралтыг тууштай бууруулан, хүн амын дундаж наслалтыг өсгөх зорилтуудыг дэвшүүлснийг мөн танилцуулав.
Түүнчлэн тэрээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь дан ганц санхүүжилтээс хамаарах асуудал биш хэдий ч хөгжиж буй улс орнуудын хувьд дотоодын санхүүжилтээс гадна олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэг чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж, дунд орлоготой хөгжиж буй улс орнуудад дэлхийн ядуу хүн амын дийлэнх хувьд ногдож байгаа тул тэдгээр орнуудын хөгжлийг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудаас хүсч байгаагаа илэрхийллээ.