Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Аялагчдын клуб (the Explorers Club)-тэй хамтран 5 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг анх удаа Аялагчдын клубэд амжилттай зохион байгуулав.
Арга хэмжээг нээж Аялагчдын клубын ерөнхийлөгч Теодор Жанилус, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нар үг хэлж, тус клубын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, клубийн гишүүд, зочид бүхий 180 гаруй хүн оролцов.
Арга хэмжээний үеэр Аялагчдын клубийн гишүүд, зочдод зориулан монгол ардын урлагийн тоглолт зохион байгуулж, уран зургийн болон гэрэл зургийн үзмэрүүдийг дэлгэн тавьж, монгол үндэсний хоолоор үйлчлэв. Түүнчлэн тус клубэд тавилгатай монгол гэр барьж, үндэсний хувцас, бөхийн өмсгөл, монголын тоглоом, наадгай, бусад эд зүйлийг клубын гишүүд, зочдод дэлгэн танилцуулав.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд АНУ-д төдийгүй олон улсад нэр хүнд бүхий Аялагчдын клубэд ийнхүү Монгол соёл, өв уламжлалыг сурталчлах зорилгоор “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болохыг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Энэ дашрамд Аялагчдын клуб нь 1904 онд байгуулагдсан бөгөөд физикийн, байгалийн, биологийн шинжлэх ухааны судалгаа, шинжчилгээг хөгжүүлэх зорилготой төрөл бүрийн аялал, экспедицийг дэмждэг байна. Хойд туйл, Өмнөд туйл, Эверест оргил руу авирах анхны экспедицийг тус клубээс зохион байгуулж байжээ. Тэрчлэн Монгол орныг дэлхийн нийтэд таниулсан америкийн нэрт судлаач, эрдэмтэн Рой Чепмен Эндрюс тус клубын хүндтэй гишүүдийн нэг байжээ.