ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганы үеэр болсон Нэн буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өндөр түвшний хуралдаанд оролцож, үг хэлэв. Тус өндөр түвшний хуралдаанд Тувалу, Афганистан, Фижи, Лаос, Азербайжан болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд, тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцсэн байна.
ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Ганхуяг тус хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглээд, УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийг баталсан талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Түүнчлэн 2009 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар мэдээлж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцгой хэрэгцээ, шаардлага, сорилтуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд тус судалгааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-ыг энэ оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан талаар мэдээлжээ.