Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙДЫН GOGO.MN-нд ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН GOGO.MN-нд ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

1

-Та Гадаад хэргийн яамыг толгойлдог. Хэдэн гадаад хэл эзэмшсэн бэ?

-Би социализмын үеийн бүтээгдэхүүн учраас Орос хэл мэднэ. 1983 онд Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургуулийг төгсөөд Москва хотын Олон улсын харилцааны сургуульд элссэн юм. Тэнд Европ, Ази гэсэн хоёр үндсэн чиглэлээс нэгийг нь сонгон судалдаг. Би төв Европыг сонгосон учраас оюутан байхдаа герман, франц хэл сурсан. Европын хоёр том улс нь Франц, Герман. Англи хэлийг би яагаад ч юм системтэй судлаагүй. Богино хугацааны курст, дараа нь бие даан сурсан.

-Ажлын шаардлагаар сурчихсан уу?

-Хэлийг доторлоно гэж дипломатчид ярьдаг юм. Дипломатууд маш нарийн ньюансыг ч ойлгох түвшинд гадаад хэлийг сурах ёстой. Би залуучуудад хэл мэддэг бол орчуулга хийх түвшинд хүр гэж хэлдэг. Үгүй бол би тэр хэлийг мэднэ гэхэд учир дутагдалтай.

-Дипломатч болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байв уу?

-Уг нь би математик, физикт сонирхолтой хүүхэд байсан. Олимпиадад улсад дээгүүр байрт орж байсан юм. Гэвч олон улсын харилцааны их сургуулийн хуваарь ирсэн. Хүчээр шахуу Москва явсан даа. Тооны хүн гадаад хэл үзээд эхлэхээр эхэндээ гайхах зүйл гарна. Гэхдээ математик аливааг системтэй, томоор харахад сургадаг, гүйлгээ ухаантай болгодог болохоор бэрхшээгээгүй. Би 1989 онд их сургуулиа төгсөж, Гадаад яаманд  ажилд орсон. Үүнээс хойш 27 жил тасралтгүй энэ салбарт ажиллаж байна.

-Алтан медальтнуулын нэг байжээ.  

-Тийм ээ. Аравдугаар  ангиа төгссөн хойно нэг өдөр манай сургуулийн захирал гэрт ирж, алтан медалийг маань  авчирч өгсөн. Хүзүүндээ зүүх уяагүй, алтан зоос шиг юм билээ. Одоо ч хадгалдаг.

-Та тэгвэл яг л хоёр нийгмийн зааг дээр их сонирхолтой үед сургуулиа төгссөн юм байна.

-Тэгсэн. Би их азтай оюутан. Горбачевын үед сурсан юм. Энэ хүн перестройка, гласность гээд л өөрчлөлт шинэчлэлтийн талаар яриад эхлэхээр манай багш нар яахаа мэдэхээ байчихсан. Коммунист намын түүх заадаг байтал тэр түүх нь худлаа болж таарсан. Багш нар эвгүй байдалд орон, хичээлийн цагаар чөлөөт хэлэлцүүлэг явуулах болсон.

Чех, Польш гэх мэт Зүүн Европын оюутнууд манай сургуульд сурч байлаа. Тэд багш нараас огт өөр түүх ярина. Их сонирхолтой үе байсан. Би сургуулиа төгсөөд, 1989 оны долдугаар сард Монголд ирэхэд нам гүм, өөрчлөлт шинэчлэлийн үнэр ч байгаагүй. Арваннэгдүгээр сарын үеэр залуучуудын дунд яриа гарч, энд тэнд цуглах болсон. Би тэрийг нь шохоорхоод, хаана ямар бүлгэм байна, очдог байлаа. Тэгээд 1990 онд бид Гадаад яаманд Ардчиллын дугуйлан байгуулсан юм.

-Нууцаар уу?

-Ил байгуулсан. Тухайн үед албан байгууллага бүр дээр МАН-ын үүр байв. Бид хамгийн түрүүнд тэр үүрийг татан буулгахыг шаардсан. Гадаад бодлого улстөржих ёсгүй. Улс төрийн намаас илүү Монголын эрх ашиг бий. Хэрэв МАН-ын үүрийг татан буулгахгүй бол АН-ын намын үүрийг байгуулах шаардлага тавьсан. Хэрэв хоёр намын үүр зэрэгцээд байвал Гадаад яамны тусгай мэдээллүүд гадагшаа гарах эрсдэлтэй байсан. Мөн боловсон хүчний бодлогоо ил болгохыг, ар өврийн хаалгаа зогсоохыг шаардсан юм.

2

-Тухайн үеийн Гадаад хэргийн сайд хэн байв. Та нарыг яаж хүлээж авсан бэ?

-Ц.Гомбосүрэн гуай байсан. Биднийг оюутан байхад Ц.Гомбосүрэн сайд Москвад элчин зөвлөхөөр ажилладаг, олон улсын харилцааны оюутнуудаа хариуцаж байв. Олон жил ажилласан, хувь хүн нь ч их тулхтай. Тэр үеийг Гадаад яам харьцангуй зөв, тогтвортой давсан. Зүүн Европын зарим оронд коммунизмын үед бэлтгэсэн дипломатууд нараа тэр чигт нь ажлаас нь халсан. Зүүн Германы Гадаад яам 2000 хүнээ халсан юм.

Харин манай яаманд алгуур, зөв шинэчлэлт явуулсан. Гадаад бодлогод залгамж чанар хамгийн чухал. Монгол тусгаар улс байгаа цагт гадаад бодлого нь үргэлжилнэ. Ямар нам, хэн гэдэг сайд байх нь тэр улсын дотоод асуудал. Өмнөх хүний ярьсан зүйлс гадагшаа бол хуучнаараа л байх ёстой.

Ардчиллын дугуйлангийн анх дэвшүүлсэн санаачилгын дагуу Гадаад яам, тагнуул, Батлах хамгаалах яам гэх мэт төрийн тусгай албадын мэргэжилтнүүд нам бус байна гэж анхны Үндсэн хуульд заасан. Зарим хүн би тэдэн төрийн нүүр үзсэн гэж ярьдаг даа. Би хоёр төрийн нүүр үзсэн.

-Одоо ч яамны газрын дарга нар нам бус уу?

-Сайдаасаа бусад нь нам бус. Ийм байхаас ч өөр аргагүй.

-1989 онд сургуулиа төгсөөд Европ руу гарч ажиллах боломж танд байсан уу. Өндөр хөгжилтэй улсад дээд боловсрол эзэмшсэн залуус үлдэж ажиллах нь их.

-Тийм боломж байгаагүй. 1989 онд өөрчлөлт шинэчлэлт эхлээгүй байсан. Сургуулиа төгсөөд ирж ажиллах нь бидний үүрэг. Дараа нь бизнес хөөсөн дипломатууд бий. Манай найз надад санал тавин, бизнес хийе гэсэн юм. Хоёр Герман нэгдээд, Германд рублиэр наймаа хийн, маш их ашиг олж байна. Чи герман хэлтэй, энэ бол алтан боломж шүү гэв. Гэхдээ хүнд совесть гэж байдаг. Би мэргэжлээрээ хэдэн жил ажиллана гэсэн юм.

Дипломатч мэргэжил мөн үү гэж зарим нь маргадаг. Би бол маш нарийн мэргэжил гэж хэлнэ. Дэлхийн хамгийн эртний мэргэжлүүдийн нэг нь. Бидэнд түүх их ойр. Түүхгүйгээр урагшаа явахгүй. Олон улсын түүх, улсуудын түүхийг их заана. Түүхэн үйл явдалд дүн шинжилгээ хийнэ. Иймд дипломатчид түүхийн сэдэвтэй ном зохиол их бичдэг. Бид олон түүхэн үйл явдлын гэрч болдог. Иймд дурсамжаа бичих нь их.

-Та номоо бичих үү?

-Одоо ном бичихэд арай эрт байна. Сүүлийн зургаан жилд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд чухал гэж хэлж болох олон үйл явдалд оролцсон. Төрийн тэргүүний хажууд ажилласан хүний хувьд томоохон айлчлалууд, гол гол шийдвэрүүдийг хэрхэн гаргасан зэргийг бичиж үлдээх нь бидний үүрэг.

3

-Та Европын чиглэлийг сонгон судалсан юм байна. Дипломоо ямар сэдвээр бичсэн бэ?

-1988 онд Зүүн Герман дахь Монголын элчин сайдын яаманд дадлага хийсэн юм. Зүүн Германд байдал их хүнд байв. Би Горбачевын шинэчлэлийн үзэл санаанд гүн бат итгэчихсэн хүн очлоо. Гэтэл тэнд ЗХУ-ын сонин сэтгүүлийг хорьчихсон үе. 1989 онд Горбачев очоод, алдартай үгээ хэлсэн байдаг. Хэн цаг үеэсээ хожигдоно, түүх түүнийг өршөөдөггүй гэсэн юм. Зүүн Германы удирдлага шинэчлэлээс хоцорчихсон хэрэг.

Би дадлагаасаа Москвад ирээд дипломын ажлаа “Хоёр Германы харилцаа” гэдэг сэдвээр хамгаалсан. Хоёр Герман удахгүй нэгдэнэ гээд дүгнэчихлээ. Манай профессор татар хүн байсан. Намайг дуудаад энэ чигээрээ орвол чи энэ сургуулийг дипломгүй төгсөнө. Дүгнэлтээ өөрчлөхийг зөвлөж байна гэв. Хоёр Герман нэгдэнэ гэж улс төрийн том дүгнэлт хийж болохгүй гэхэд би арга буюу өөрчилсөн. Гэтэл таван сарын дараа Зүүн Германд өөрчлөлт шинэчлэлтийн хөдөлгөөнүүд өрнөж эхэлсэн. Ер нь хатуу гараар барьсан дэглэм их уддаггүй.

Би дадлага хийхдээ орой оюутнуудтайгаа уулздаг, гадуур тэнэдэг байлаа. Өдөр Гадаад яаманд болсон яриа, орой нь иргэдийнх хэлсэн үг тэнгэр газар шиг зөрүүтэй байсан.

-Ажил дээр гарсан эхний он жилүүдээ эргээд дурсвал? 

-1991-1993 оны хооронд би Улаанбаатар дахь Германы элчин сайдын яаманд орчуулагчаар ажилласан юм. Энэ үеэр Москвад таван жил сурснаас илүү ихийг сурсан. Хоёр Герман нэгдсэний дараа, 1990 оны сүүлчээр Зүүн Герман ЭСЯ-аа хаагаад явсан. 1991 оны эхээр Баруун Германы анхны дипломат Улаанбаатарт ирсэн юм. Тухайн үед Баруун Германаас монгол хэлтэй хүн олоогүй юм билээ. Тэгээд манай Гадаад яаманд хандахад намайг томилсон. Энд ажиллахдаа би герман хэлээ ч сайжруулсан. Герман хүн яаж ажилладаг зарчмыг сурсан. Тэд ч намайг орчуулгын курсад явуулан, онол заан бэлдсэн. Би одоо залуучуудад бүх ажил бичгээр явах ёстой гэж хэлдэг.

-Жижиг сажиг ч гэлгүй юу?

-Жижиг сажиг гэхгүй. Ер нь Германы ЭСЯ-нд ажилладаг хүмүүс хоорондоо уулзахгүй. Бүх зүйл бичгээр явна. Ингэж төрийн ой санамж үлддэг. Жижигхэн хайрцагнуудтай. Орчуулагч 15 минут тутамд хайрцгаа шалгана. Тэнд хавтастай бичгүүд тавьсан байна. Элчин  сайд үзсэн бол улаан тэмдэг тавина. Орчуулагч нь ногооноор бичнэ гэх мэтээр өнгөөр ялгана. Энийг орчуулаад, дараа нь тэр хүнд өгөөрэй гэсэн байна. Би орчуулаад өнөө хүний нэртэй хайрцагт хийнэ.

Хоёр жил ажиллахдаа герман хүний ажлын арга барил, сэтгэлгээ, яаж шийдвэр гаргадаг, ямар замаар, хаана шийдвэр гардаг, аль байгууллага нь ямар асуудлаа хариуцдаг гэх мэт дотоод зохион байгуулалтын бүх зүйлийг сурсан. Энэ бүхэн Германы талаар мэргэшин ажиллахад их тус болсон. Дараа нь  1995 онд Бонн дахь элчин сайдын яаманд томилогдон ажилласан юм.

-Бид Германчуудыг цаг яс баримталдаг гэдгээр нь мэднэ. Өөр ямар авууштай чанартай вэ?

-Аливаад ул суурьтай ханддаг. Сэтгэлийн хөөрлөөр хандахгүй. Германы төрийн байгууллагуудын сахилга бат, соёл дэлхийд алдартай. Азийн орнуудаас Япон их төстэй. Проуссын захиргааны алба маш сайн ажилладаг байсан болохоор судлаачид судалсаар л байна. Ийм учраас манай төрийн албаны шинэчлэлд Германууд дэмжлэг үзүүлсэн.

-Танай гэр бүлд танаас өөр дипломат бий юу?

-Байхгүй. Манай хоёр өвөө хоёулаа лам хувраг хүмүүс, аав жирийн жолооч хүн байсан. Говь-Алтайгаас бол Гадаад хэргийн хэд хэдэн сайд төрсөн.

-Таны хүүхдүүд таны мэргэжлийг өвлөх сонирхолтой байна уу?

-Хэлэхэд эрт байна. Би хоёр охинтой. Том охин энэ жил дунд сургуулиа төгсөнө. Бага нь жаахан байна. Том охин Германд төрсөн. Герман цэцэрлэгт явдаг, герман хэлтэй байсан ч аман хэл болохоор хүүхэд дороо мартчихдаг. Манай хүүхдүүд миний мэргэжлийг нэг талаас нь гоё гэдэг ч нөгөө талаас залхсан байдалтай. Учир нь би гэртээ байх нь ховор.

-Хөндлөнгөөс харахад дипломатууд гадаад явсан, цэвэрхэн хувцастай, өндөр цалинтай, орон оронд айлчилсан, сайхан амьдралтай  юм шиг харагддаг. Гэвч хүүхэд, гэр бүлд их хүндрэлтэй байдаг юм билээ.

-Олон түмэнд ойлгомжгүй харагддаг. Гаднаас нь харахад үнэхээр ч хоол идсэн, хүлээн авалт хэссэн хүмүүс байдаг. Нөгөө талаас их хүнд мэргэжил. 3-4 жил тутам нүүгээд байхаар дотно найзгүй, гэр бүлийнхэн нь мэргэжилгүй. Тийм учраас ажил олоход хэцүү, хүний нутагт очоод хэл мэдэхгүй, дөнгөж дасаж байтал эргээд л орчин өөрчлөгдөнө. Хүн дассан газартаа, гэртээ л байхыг бодно.

Хүүхдүүд бол очсон газар бүртээ харийн хэл дээр сургууль, цэцэрлэг угтана. Зарим дипломатуудын хүүхэд амжилттай байхад зарим хүүхэд Монголдоо дасахгүй, эх хэлээ мартсан байдаг. Дипломатын гэр бүлийн хүн тэтгэврийн нас нь  боллоо гэхэд тэтгэвэр авч чаддаггүй.

-Насаараа нөхрөө дагууд явчихсан болохоор уу?

-Яг үнэн. Ийм учраас бид Дипломат албаны тухай хуулийг шинэчлэхээр өргөн барьсан. Дипломатуудын хүүхдийн сургуулийг хэрхэн шийдвэрлэх гэх мэт нийгмийн халамжийг шийдвэрлэх хуулийн төсөл байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар баталсан. Байнгын хороод хэлэлцээд эхэлчихсэн.

-Монгол-Германы харилцаа цоо шинээр хөгжихөд та ямар хувь нэмэр оруулсан бэ?

-Аливаа ажил хариуцдаг хүнээсээ шалтгаалдаг. Ялангуяа санаачилга их зүйл шийддэг. Үндэсний баярын өдрөөр нь Ерөнхийлөгчид нь цахилгаан явуулах нь ажил биш. Энэ бол өдөр тутам хийдэг л зүйл. Нөгөө орноо судлан, ямар санал дэвшүүлэх вэ гэж эрэл хайгуул хийх ёстой. Дипломатууд хоёр орны хооронд гүүр болдог. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож болохгүй. Тэгвэл ажил явахгүй. Нөгөө талынхаа эрх ашгийг зөв тооцох ёстой. Би залуу дипломатуудаас шинэ санал, санаачлага шаарддаг. Харин газрын дарга нар батлагдаж, нотлогдсон ажил ярьж л орж ирэх ёстой. Залуу ажилчид санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид яамандаа шинэ санаа цуглуулдаг хайрцаг гаргасан. Улиралд нэг удаа залуучуудтайгаа уулздаг. Улс орны, дэлхийн том бодлогын талаар гээд чөлөөтэй ярилцдаг.

Миний хийсэн хамгийн том ажил гэвэл би нэг үзэсгэлэн санаачилсан юм. Бэлтгэл ажилд нь долоон жил зарцуулсан. Герман эрдэмтэдтэй холбоо тогтоон, “Чингис хаан ба түүний өв” гэсэн үзэсгэлэнг Германы хэд хэдэн хот болон Австри, Унгар, Станбул хотод гаргасан. Дахиж тийм үзэсгэлэн гаргаж чадахгүй дээ. Бид Монголоос 400 гаруй үзмэр аваачсан. Монголын түүхтэй холбоотой, дэлхий даяар байгаа 250 үзмэрийг цуглуулсан юм. Эрмитажид байгаа Чингисийн чулуунаас эхлээд Орос, Ватиканы нууц архив, Франц, Швед, Голланд, Герман, Унгараас ч үзмэр авчирсан.

Азиас гэхэд Хөх хот, Бээжин, Тайпэйн Ордны музейгээс 8 эзэн хааны болон 16 хатны хөрөг, Японы Төв архив дахь зургууд, Энтхэг, Иран, АНУ-ын музей рүү  хүртэл хандсан.  Энэ үзэсгэлэнг гаргах үеэр дөрвөн баримтат кино бүтээсэн юм. Эрдэмтдийн уулзалт маш олон удаа болж, хүүхдүүдэд зориулсан сургалтууд явуулсан. 2005 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа музейн нээлтэд оролцсон юм. Энэ үзэсгэлэн Европчуудын Чингис хаан, Монгол орны талаарх ойлголтыг бүрэн өөрчилсөн.

Өмнө нь тэд Чингис хаан гэхээд бүдүүлэг, эзлэн түрэмгийлэгч гэж төсөөлдөг байсан бол Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг хараад олон зуун жилийн төр засгийн уламжлалтай, өндөр соёлтой ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм байж л амжилттай дайтна шүү дээ. Мэдээллийг маш хурдан хугацаанд, уудам газар нутагт түгээх системийг бид анхлан нэвтрүүлсэн. Морин өртөө, цаасан мөнгө зэрэг олон зүйлийг монголчууд нэвтрүүлсэн. Дипломат эрх ямба, чөлөөт худалдааны хэлбэрүүд байна. Монголын эзэнт гүрний үед л Торгоны замыг жинхэнэ утгаар нь ажилуулж байсан.

1241 оны дөрөвдүгээр сард монголын цэрэг одоогийн Герман, Польшийн хилд тулж очсон юм билээ. Герман, Польшийн хуягласан цэргүүд тулаанд ороод ялагдсан түүхтэй. Европ руу орох зам чөлөөтэй болсон ч Монголчууд буцсан. Мөнх хаан тэнгэрт хальсан тул Бат хаан дараагийн хаан болох зорилгоор буцсан. Хоёрдугаарт Монголчууд Европ руу нэвтрэх сонирхолгүй байсан гэж эрдэмтэд дүгнэсэн. Яагаад гэвэл Европ тэр үед их ядуу байсан. Гэтэл Азид цаасан мөнгө хэрэглээд эхэлсэн, их баян чинээлэг байсан юм билээ. Би үүнийг үнэний хувьтай гэж боддог. Хэдэн зуун жилийн дараа Кристофер Колумб Энэтхэгийг зорих замдаа Америкийг нээн, уугуул иргэдийг нь Энэтхэгчүүд гэж нэрлэсэн. Тухайн үед Европын газар зүйн ойлголт ийм түвшинд байж.

Бидний гаргасан үзэсгэлэнд нэг газрын зураг байсан юм. Африкууд олноороо ирээд, тэр газрын зургийг шимтэж үзээд байна гэж хамтран зохион байгуулагч маань надад хэллээ.  Тэр нь Хубилай хааны үед зохион, монгол бичгээр бичсэн, Африк тивийг дэлхийн түүхэнд анх удаа дүрслэн харуулсан газрын зураг байсан. Тэр зургийг одоо Японы Төв музейд хадгалдаг. Тэр зургийг үзэх гэж Африк эрдэмтэд олноороо ирцгээсэн. Дараа нь Япончууд тэр зургийг үндэсний нэн ховор үзмэр гээд хилээр гаргахыг хориглочихсон.

Тэр үзэсгэлэн үнэхээр амжилттай болсон. Монголчуудын талаарх сөрөг ойлголтыг өөрчилж чадсан учраас би заримдаа найзуудадаа “Би Монголын төлөө хийх ажлаа хийсэн” гэдэг. Ийм учраас л би одоо ч зөөлөн хүчний бодлогод анхаардаг. Соёл урлагаараа дамжуулан Монголоо сурталчлахын тулд Гадаад сурталчилгааны газрыг яамандаа байгууллаа. Яагаад гэвэл ямар үр дүнд хүрдгийг нь мэдэх туршлага надад байна.

Тэр үзэсгэлэнг гаргасан ажлыг минь үнэлж, Боловсролын яамнаас надад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан тэр үед боловсролын сайд байсан юм. Бид хоёр нэг сургууль төгссөн найзууд. Тийм болохоор би шагналаа авахдаа хоосон тэмдэг авахгүй гээд хошигносон юм. Тэгтэл надад яамнаас хүүхэд бүрт өгч байсан, зөөврийн жижиг компьютер бэлэглэсэн. Телевиз үзэж байхад хааяа МУСТА гэж гарахаар манай хүүхдүүд “Манай аав ч бас СТА юм чинь” гэдэг.

-Танд төрөөс өөр ямар цол олгосон бэ?

-Дипломатууд цэргийнхэн шиг цолтой. Дээр үед Ц.Дамдинсүрэн гуай түшээ, шадар, итгэмжит гэх мэт цолыг бий болгосон.  Гадаад хэргийн сайд тушаал гарган, доод таван цолыг олгодог. Онц бөгөөд бүрэн эрхт элчин, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэсэн хоёр цолыг Ерөнхийлөгч зарлигаар олгодог. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч зарлиг гарган, надад дээд цол олгосон.

-Би үүнийг албан тушаал гэж л боддог.                                  

-Албан тушаалаас гадна цол бас бий.

-Та Германчуудтай олон жил хамтран ажиллажээ. Өөрийн мэдэлгүй Германчуудтай илүү элэгсэг, дотно байдаг, тэдний хүсэлтэд үгүй гэсэн хариулт өгч чадахгүй байх тохиолдол гарах уу?

-Тийм зүйл байхгүй. Адилхан л хандах ёстой. Дипломатуудыг 3-4 жил тутам сольдог нь үүнтэй холбоотой. Хүн нэг газраа их удвал өөрийн орноосоо хэт тасран, нөгөө орны лоббичин болж хувирдаг. Тийм учраас дипломатуудыг байнга сольдог. Буцааж эх оронд нь үе үе татдаг. Монгол Улсын эрх ашиг ямар ч дипломатад нэгдүгээрт байх ёстой.

Өмнө нь манай нийт дипломатуудын 90 хувь нь ЗХУ-ын МГИМО төгссөн юм. ЗХУ том орон байсан. Хятад, Франц гэх мэтээр орон дагнуулж дипломатуудаа бэлтгэдэг. Том оронд ийм бодлого байна. Манайх шиг жижиг оронд орон дагнасан биш, хаа бол хаана ажиллах дипломатууд шаардлагатай. Мөн Оюутолгой, Тавантолгой гээд яриад эхлэхээр салбараар, асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй болж байна. Мега төслүүд манай улсын  эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд томоохон нөлөө үзүүлэх тул Гадаад яам мега төслийн хэлэлцээнд оролцох ёстой. Гэтэл гэрээнд огт оролцоогүй ирсэн. Би сайд болоод энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулан, цаашид яамны мэргэжилтнүүд бусад яамтай хамтран ажиллахаар болсон.

Гэтэл уул уурхайгаар мэргэшсэн хуульч, байгаль орчны, санхүүгийн, банк, даатгалын нарийн мэргэжилтнүүд манайд дутмаг. Оюутолгойн сүүлийн гэрээнд яамнаас хүн томилсон ч санхүүгийн маш нарийн зүйлс яриад эхлэхээр би ойлгохгүй байна гэдгээ хэлсэн. Иймд бид цаашдаа боловсон хүчний бодлогоо өөрчлөн, салбар дагнасан, нарийн мэргэжилтнүүд бэлтгэнэ. Баруунд төгссөн залуучуудаа урьж ажиллуулах шаардлага ч бий.

4

-Сангийн сайд та хоёрын ажил х хэцүү юм шиг. Уулзсан хүн бүрээсээ шахуу гуйна, царайчилна. Манай оюутнуудыг сургаад өгөөч, манай ийм төслийг санхүүжүүлээч гээд л.   

-Тийм үе байсан. Нуугаад яахав. Одоо бол өөр. Омог бардам байгаа гэж бодож байна. Өмнөх шигээ гуйхаа больсон. Зээл тусламж гуйхаас илүү Монголд хөрөнгө оруулвал ийм ашигтай гэж танилцуулан ярьдаг. Энд л дипломат бодлого хэрэгтэй. Нөгөө талын огт сонирхохгүй бизнесийг яриад байж болохгүй шиг сонирхлыг нь зөв тооцох ёстой. Түүнээс бадар барьдаг үе өнгөрсөн. Нэг үеэ бодвол бид азтай сайд нар. Одоо аль болох гуйхгүйг бодож байна. Хүнээс юм гуйна гэдэг гутамшиг. Эргээд нөгөө тал том юм гуйвал за гэж хэлэхээс өөр аргагүй орно.

Ер нь дипломат хүн гаднын хүнтэй уулзахдаа заавал цаг гарган бодож бэлтгэх ёстой. Энэ хүн надтай уулзах зорилго юу вэ, энэ хүн эхэлж цаг авсан бол юу хүсэх гэж байна, ямар хүсэлт байж болох вэ гэдгийг урьдаас бодох ёстой. Дотоод бодлогоос ялгаатай нь гадаад харилцаанд хоёр талын ашиг заавал нийцэх ёстой. Том том айлчлалын үеэр инээсэн сайд нар гэрээнд гарын үсэг зурдаг даа. Цаана нь тэр бүхний бэлтгэл ажил, хэлэлцээ олон жил үргэлжилсэн байдаг. Гэхдээ дипломатуудын нэр гардаггүй, нууцлаг үлддэг. Яагаад гэвэл бид ийм яриа хийж байна, би ингээд хэлчихлээ гэж зарлаж болохгүй. Эргэж уулзах нүүртэй байх ёстой. Хоёр дээр нэмэх нь хоёр хэд вэ гэвэл ихэнх хүн дөрөв гэнэ. Харин дипломатууд дөрөв байж магадгүй гэдэг. Гэхдээ бид тийм бөөрөнхий юу гэвэл үгүй. Дипломатууд гарах хаалгаа хаадаггүй байх ёстой.

-Та бүхний ягштал баримталдаг дүрэм юу вэ?

-Худлаа хэлж болохгүй. Худлаа хэлвэл баригдана. Ингэвэл гарах хаалгаа хаалаа л гэсэн үг.

-Бид одоо их хүнд байдалд байна. Хилийн чанадад суугаа дипломатууд, итгэмжит консулууд гаднаас хэр их хөрөнгө татаж байна даа?

-Өмнө нь үзэл сурталжсан гадаад бодлого явуулдаг байлаа. Монголын гэхээс илүүтэй ах дүү социалист орнуудын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Зах зээлийн систем рүү шилжихээр их прагматик, бодит бодлого явуулахыг шаардаж байна. Тэгэхээр бид хэрэггүй зүйлд мөнгө зарахгүй. Монголд хэрэгтэй зүйлд л мөнгөө зарна. Төсөв ч хүндэрсэн. Гадаад харилцаа эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Өнгөрсөн онд Засгийн газраар гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг баталсан. Үүнд дипломатуудын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх талаар тусгалаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг ч би Гадаад яамны төсвийг сайн мэддэггүй. Мөнгөний баримтад төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг. Бүх яаманд ийм байдаг. Тийм болохоор нэг айлчлалд хэдэн төгрөг зарцуулснаа мэдэхгүй өнгөрөх гээд байдаг. Би ажлаа аваад бүх газрын дарга нар, нягтлан, төрийн нарийнаа суулгаад хурал хийж, яамны төсөвтэй танилцсан. Манайхны гадагшаа хийх айлчлал бүрийн зардлыг сонсож, эргүүлээд ямар ач холбогдолтой талаар ярилцдаг болсон. Гэхдээ мөнгөөр тооцож болдоггүй зүйл гэж байна. Зарим ажлын үр дүнг өнөөдөр маргааш шууд харах боломжгүй атлаа Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байдаг. Үүнийг зөв ялгахгүй бол дандаа зоосны нүхээр харж болохгүй.

Сайн ажиллаж байгаа элчин сайд гэвэл Индонезид суугаа элчин сайд Ш.Батцэцэг байна. Өмнө нь Төв аймаг дахь ТББ-д ажиллаж байсан хүн. Явахад нь би ТББ-д ажиллаж байсан хүн элчин сайдаар ажиллах ямар юм бол доо гэж эргэлзэж байсан. Одоо маш сайн ажиллаж байна. ТББ-ынхны нэг сайн чанар нь идэвх, санаачилга сайтай. Жижигхэн юмаар ажил хийж байна. Төрийн байгууллагад ажилладаг хүмүүс төр мөнгөө өгвөл би нэг юм хийнэ гэдэг.  Саяхан манай ардын урлагийн томоохон бүрэлдэхүүн Индонезид тоглоод ирлээ. Тэнд Монголын нэрэмжит гольфын тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гарган, хувийн хэвшлийнхэнд хэлэлцээ хийхэд нь дэмжлэг үзүүлсэн.

5

-Энэ оны сайдын багц ямар хэмжээтэй вэ?

-Шалихгүй ээ.  АСЕМ гээд жоохон юм нэмэгдсэн. Харахад 60-аад тэрбум төгрөг байгаа нь их мөнгө юм шиг боловч гадаадад байгаа ЭСЯ-дын зардалд дийлэнхийг нь зарцуулдаг. Дипломатуудын цалин, байрны түрээс гэх мэтэд өндөр зардал гардаг. Сайдын зарцуулах урсгал хөрөнгө их бага. Тэрбум орчим төгрөг байдаг. Энэ жил зардал их танасан.

-Хамгийн сүүлд та Франц, Энэтхэгт айлчилсан. Онгоцонд хамгийн олон цагийг өнгөрөөдөг сайд гэвэл яах аргагүй таныг хэлнэ.

-Одоо олон цагаар нисэхээс халширдаг болж байна. Цагийн зөрүү их хэцүү. Гадаад хэл дээр ярина гэдэг хүнд ажил. Онгоцонд халаасан хоол өгнө. Арваад цаг ниснэ гэхээр халширдаг болсон. Очсон нэг газраа хоёр хоноход сэтгэл санаа их амар байдаг. Харин  яаруу явбал дарамттай. Сая Энэтхэгт очиход +45 хэмийн халуун байсан. Агааржуулагчтай атлаа унтахад хэцүү юм байна. Тэндээс Францад очтол их сэрүүхэн байсан. Гэтэл би гадуур хувцасгүй яваад оччихсон. Уг нь өдийд Европт дулаарчихсан байдаг юм.

Энэтхэгт сая очиход манай 500 орчим лам байдаг юм байна. Тэдний зарим нь ердөө 6,7-тойдоо очсон. Монгол хэл, Монголын түүхээ мэдэхгүй байна. Кирилл бичгээр бичиж сураагүй, матемитик, хими гэх мэт шинжлэх ухааны хичээлүүд үздэггүй, зөвхөн шашны номоо үздэг гэнэ. Энэ нь учир дутагдалтай болохоор бид Боловсролын яам, боловсролын хүрээлэнгүүдтэй хамтран энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-Ингэхэд та тусгай үүргийн онгоцтой юу. Саяхан Истанбул хотын дарга тусгай үүрийн онгоцтойгоо ирсэн.

-Байхгүй ээ. Том улсууд л тийм онгоцтой байдаг. Бид МИАТ-аараа л ниснэ. Төрийн албаныхан аль болох  үндэсний агаарын тээврийн компаниараа л үйлчлүүлнэ гэсэн Засгийн газрын чиглэл байдаг. Европ руу нисэх бол Берлин, Ази руу нисэх бол Токио, Бээжин, Сөүлийн чиглэлд ниснэ.

-Та хэдэн одтой буудалд буудаг вэ? 

-Олдсонд нь л буудаг. Заримдаа нөгөө тал даана. Буудлынхаа одноос илүү байршлыг нь харна. Уулзалт хийх газрууддаа аль болох ойрхон буудал сонгодог.

-Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Таны дэмжээгүй, бүр эсэргүүцдэг ямар нэг асуудлыг олонхийн саналаар шийдсэн тохиолдлууд бий юу?

-Байна. Гэхдээ тэр бүрт би ийм бодолтой байсан гээд ярих нь буруу. Энэ нь төрийн хүнд зохимжгүй. Төртэй “суусан” хүнд хувийн бодол байх ёсгүй. Ярьвал төрийн бодлого л ярих нь зөв. Төрд ажилладаг хүний энэ эрх хаалттай байдаг.  Зарим нь үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхтэй холбон тайларладаг.

-Сайдын тамгаа гардах мөчид юу бодов?

-Би Ерөнхий сайдаас шөнийн 02.00 цагт гардсан. Өмнөх сайд нь ажлаа өгөөд нэлээд хугацаа өнгөрчихсөн байсан юм. Тамгаа гардах мөчид онцгой сэтгэгдэл төрөөгүй. Өмнөх ажлаа хийж байгаа юм шиг л байсан.

-Сонгууль дөхөж байна. Та бүхэн цаашид Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийдвэрлэх өдөр ирж байна. Сонгуулиас өмнө амжуулахаар яарч байгаа ажил байна уу?

-Би дөнгөж сая байнгын хорооны хуралдаанаас ирлээ.  Гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Ардчилал гэсээр бид гадаад харилцааг их замбараагүй, шүүрэн шанага шиг болгосон. Одоо гадаад бодлогоо нэг цонхоор явуулах цаг болсон. Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөн л батлуулахаар яарч байна.

-Яагаад шүүрэн шанага шиг болчихсон юм бэ?

-Гадаад яамнаас илүү бусад яамнаас шалтгаалсан. Салбарын яамтайгаа буюу гадаад яамтай зөвшилцөлгүй шууд нөгөө талтайгаа тохирчихдог. Бусад яамд гэлтгүй орон нутагт ч ийм байдаг. Уг нь Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд гадаад бодлогын төрийн төв байгууллага нь Гадаад яам. Гадаад яам бодлогоо зангидан, чиглэл өгөх ёстой байтал хоёр хөрштэй тогтоосон харилцаанд энэ байдал алдагдсан. Бид маш урт хилээр хиллэдгийн сацуу олон салбарт хамтын ажиллагаатай. Энэ бүхнийг Гадаад яам хянах боломжгүй. Хил орчмын орон нутгийн удирдлагууд хөршүүдтэй Ерөнхий сайдын хэмжээний асуудлыг хэлэлцсэн тохиолдол бий. Бараг л улс дотор улс болчихсон.

Мөн зохион байгуулалтын асуудал ч байсан. Орос-Монголын Засгийн газар хоорондын болон Хятад-Монголын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нараар хоёр Шадар сайдыг томилсон. Шадар сад нар гадаад хэргийн сайд нараас илүү дээд тушаалтай. Эдгээр комиссын ажлын талаар Гадаад яам ямар ч мэдээлэлгүй хоцорсон. Ингээд  оролцоогүй болихоор юун дүгнэлт, шинжилгээ хийх. Энэ алдаануудыг шинэ хуулиар цэгцэлнэ.

Засгийн газар томоохон өөрчлөлт хийснээр хоёр хөршийн Засгийн газар хоорондын комиссыг цаашид Гадаад хэргийн сайд удирдана. У.Хүрэлсүх Шадар сайд байхад энэ асуудлаар илэн далангуй ярилцсан. Нам эвслийн эрх ашиг байж болохгүй. Монголын эрх ашиг л байх ёстой гэхэд зөвшөөрсөн. Энэ их том алхам. Мөн бид гадаад харилцааны салбарт болж буй үйл явдлын мэдээг орон нутагт, бусад яамд болон УИХ-ын гишүүдэд чиглэл өгдөг системээ жил хагасын өмнө бүрдүүлчихсэн.  Ийм асуудал болж  байна, үүнд ингэж анхаарах хэрэгтэй гэх мэтээр зөвлөмж өгч байна.

-Шадар сайд асан У.Хүрэлсүх ойлгож хүлээж авчээ. Үгүй гэх хүн гарав уу?

-Гарсан. Манай танхимд хүртэл бүх юмыг Гадаад яам гартаа авах гэлээ. Гадаад яам эдийн засгийн яам боллоо гэсэн шүүмжлэл ярьсан. Зарим нь эсэргүүцдэг. Би тэгэхээр нь болохгүй байгаа юмыг хумьж байна гэдэг. Зарим хүн дассанаар нь гээд хуучнаараа явах гээд байдаг. Би цэгцлэх ёстой гэдэг хатуу байр сууриа илэрхийлэхэд Ерөнхий сайд дэмжсэн.

-Та хоёр хөршийн талаар ярьлаа. Бид Самурай, Чингис бонд гаргасан. Энэ нь урд хөрш манайхаас худалдаж авдаг нүүрсээ бууруулахад нөлөөлчихлөө. Бид хоёр  хөршөө давж харилцах нь буруу гэсэн дүгнэлт байдаг.

-Би санал нийлэхгүй. Бид хоёр хөрштэйгээ ил тод харилцдаг. Бидэнд хилийн ч юмуу ямар нэг маргаан байхгүй. Эрх тэгш харилцаад явж байна. Хоёр хөршийн эсрэг ямар нэг үгсэл, хуйвалдаанд Монгол Улс оролцохгүй. Хөрштэйгээ найрамдалтай амьдрах ёстой. Энэ нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монгол бол тусгаар улс. Нээлттэй гадаад бодлого явуулдаг учраас бусад улсуудтай ч аль болох ойр, тэнцүү хэмжээтэй ажиллана. Гурав дахь хөрштэйгээ хоёр хөршийн хэмжээнд харилцана. Энэ утгаараа Япон Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. ЕХ, Энэтхэг, АНУ-тай харилцаагаа өргөжүүлж байна. Энэ байдаг л зүйл. Хоёр хөрш маань эмзэг хүлээн авсан зүйл ерөөсөө байхгүй. Дээрх дүгнэлт бол хардлага. Хардах тусам итгээд, үнэн болох нь бий. Цахим сүлжээнд иймэрхүү буруу ойлголт их бий.

-ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлахдаа онгоцноос жинсэн өмдтэй буусан нь олны анхаарлыг татсан. Манай талаас тус улсын холбогдох байгууллагад хүндэт харуулын цэрэг тосно гэдгээ урьдчилан мэдэгдээгүй гэдэг үнэн үү?    

-Мэдээлэлгүй яахав. Үнэндээ харамсалтай юм болсон. ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад арван жилийн дараа айлчилсан. Маш олон асуудлыг урагшлуулсан, сайхан айлчлал болсон. Гэтэл айлчлалын агуулгаас илүү хөх жинстэй ноцолдсон. Хөх жинс байдаг л асуудал. Шөнө онгоцондоо унтаад өглөө буусан сайд бүү хэл Европт жирийн уулзалтад ийм хувцастай ордог. Тэнд дээгүүрээ пиджак өмсөөд албаны яриа хийдэг. Бид хэт өнгөц талд анхаарсан. Хэн шүүрч аван, С.Лавров сайдын жинсийг мэдээ болгосон гэхээр Турк гэх мэт Оросын дайснууд, Оростой харилцаа муутай улсууд байсан. Тэд Орос руу дайрах гэж ашигласан.

Гадаад бодлогоор улстөржиж болдоггүй. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Их Британийн хоёр ханхүүтэй уулзахад ханхүү Харри жинстэй л байсан. Энэ бол зориод хийсэн уулзалт байсан. Би ч гадаад улсад буухдаа жинс, ноосон цамцтай бууж байсан.

Төрийн ёслолын журам гэж байдаг. Гадаад хэргийн сайд нарын айлчлал өндөр хэмжээний, тусгайлан анхаарсан айлчлал байдаг. Тийм учраас Гадаад хэргийн сайдыг хүлээн авах ёслолын журам гэж бий. Тэнд улаан хивс засна гэх мэтээр бий. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд, манайтай стратегийн түншлэлтэй орны Гадаад хэргийн сайд бол ялгавартай хандана.  Бид  энэ журмын дагуу С.Лавров сайдыг хүлээж авсан. Өөрийнхөө онгоцоор ирсэн бол яаж хүлээж авах, шугамын онгоц бол яах вэ гээд бүхнийг заасан байдаг. Дипломат ёс их нарийн шүү дээ.

-Та бид хоёрын яриа шууд л ажил хэрэг рүү орчихлоо. Та төрсөн нутгийнхаа талаар, ээж аавынхаа талаар ярихгүй юу. Лүндэгийнх ямар айл байв?

-Очиж үзээгүй зарим хүн Говь-Алтайг их элстэй гэж боддог. Алтай, говь хосолсон нутаг шүү дээ. Газар нутгийн хэмжээгээрээ Өмнөговийн дараа ордог. 60-аад мянган хүн амтай. Манай аймагт очвол Засагт ханы гал голомт гэсэн бичиг бий. Завхан, Говь-Алтай аймгууд Засагт ханы харьяанд байсан юм. Төв Халх, Баруун Монголын хооронд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байсан уламжлалтай. Манай аав Бэгэрийн, ээж Чандмань сумын уугуул.

Говь-Алтай аймаг олон зүйлээрээ алдартай. Дээр үед Бэгэр Номун хааны хүрээ гэж Баруун Монголд том хүрээ байсан.  Шавь тавын нэг нь манай аймагт байсан. Бэгэр сумын нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар Ч.Чулуун гэж их ухаантай хүн байсан юм. Тэр хүн малтай байна гэдэг бид дан дугуйтай байгаатай адил, мал нэг шуурганд л дуусна. Тиймээс газар тариалан хөгжүүлэх ёстой гэдэг байсан. Тэгээд 1963 онд Сэлэнгийн Шаамараас жимсний мод авчирсан юм билээ. Манай аав тэр хүний жолооч байж. Манай ах төрөх дөхөөд, аав ирэхгүй, сар гаруй явж ирсэн гэж ээж хуучилдаг юм. Одоо ч тэр жимсний моднууд бий.

1990-ээд онд орон нутагт ганцхан архины үйлдвэр байсан нь Бигэр суманд ажиллаж байв. Чацарганы дарс үйлдвэрлэдэг. Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ туршилт хийн, чацарганы тос авч явахдаа Бигэрийн тосыг аваад явсан. Бэгэрийн бэсрэг алим брэнд болчихсон. Дээр үед бөөр муутай хүмүүс Бигэрийн элсэн дээр ирж хэвтэн, эмчлүүлдэг байсан.

Намайг бага байхад аав та нарт хөрөнгө үлдээх биш, боловсролтой хүн л болгоно гэж ярьдаг байсан. Орос хэл дээр гардаг сэтгүүлүүд авчирч, эндээс тоо бод гэдэг байсан юм. Жирийн жолооч хүн байсан ч боловсролд их анхаарсан. Манай ах Чехэд, гурван дүү Орост, хамгийн бага дүү Германд дээд сургууль төгссөн.

-Таны авьяас юу вэ?

-Би ямар ч хүнийг итгүүлж чадна. Хүнд аливааг ойлгуулж чаддаг байх нь яриа хэлэлцээ хийхэд хэрэг болдог.

6

-Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн Москвад их сургууль төгссөн. Нэхмэлийн мэргэжилтэй. Говь комбинатад олон жил ажилласан. Намайг дагаад ажилгүй болсон. Одоо охидоо өсгөн, арын ажлыг амжуулдаг даа.

-Танайх хаана амьдардаг вэ?

-Хан-Уул дүүрэгт, Маршал хотхонд амьдардаг. Арван жилийн өмнө Маршал хотхон руу явдаг зам мухар байсан. Наад талын хорооллууд байгаагүй. Гадаад яамнаас гэр рүүгээ таван минутад явдаг байв. Шинэ гүүр ашиглалтад орж, Зайсан чиглэлийн бүх автомашин тэр замаар явж, хотын төв зам шиг болсон.

-Та хувийн бизнестэй юу. ХОМ-ээсээ хуваалцахгүй юу?

-Байхгүй. Авгайн нэр дээр жуулчны компани байсан ч зах зээл муудсан, би ч завгүй болж, хаагдсан. Эхнэр мэргэжлийнхээ дагуу ноосон цамц нэхдэг компанитай байсан ч мөн л хаасан. Манайх хэдэн байртай. Ер нь үл хөдлөх хөрөнгийн үнэ байнга л өсдөг.

-Та хөлбөмбөгийн хорхойтон. Аль багийг дэмждэг вэ. Өөрөө тоглох уу?

-Хүүхэд байхаасаа 13-ын алаг бөмбөгөөр үзэж өгдөг байлаа. Ливерпүүлийг олон жил дэмжсэн. Хэдэн жилийн өмнөөс Арсеналийг бас дэмждэг болсон. Хэд хоногийн өмнө Арсенал, Манчестер сититэй тоглолоо. Арсенал хүний талбай дээр тоглосон. Хожигдвол хойшоо орчих гээд. Ашгүй 2:2-оор тэнцэж, би санаа амраад унтсан.

Бид хөлбөмбөгийг бодлогоор дэмжих ёстой. Монголчууд нүүдлийн уламжлалт сэтгэлгээтэй учраас хүчирхэг хувь хүмүүс. Хөлбөмбөг багийн тоглолт. Улстөрд ч багийн тоглолт хэрэгтэй. “Аравт” кинонд бид хэрхэн амжилттай баг болдгийг бодитоор харуулсан. Их гоё кино. Гадныхны явуулга, бас ахуй маань биднийг хувиа боддог болгочихсон. Нийтийн өмчийг хаячихлаа. Уг нь хөрштэйгээ хамт шатаа цэвэрлэх учиртай. Тэр сэтгэлгээг халж, багийн спортод амжилт гаргах ёстой. Үүнд хөлбөмбөг өндөр үүрэгтэй. Хөлбөмбөг дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт учраас Монголчууд яаж ийгээд хөл дүрэх ёстой. Би энэ спортыг сонирхоод зогсохгүй Хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны ажилд тусалдаг. Хүүхдүүдээ гадны багуудад сургах талаар ярилцаж байна.

-Хөлбөмбөгийн хорхойтнууд тэр багийнхаа ороолтоос өгсүүлээд цуглуулгатай байдаг юм билээ.

-Арсеналаас бусад багуудынх ч бий. Францад айлчилсны дараа би Лондонд очиж, Оксфордын их сургуулийн урилгаар гурван лекц уншсан юм. Тэгэхдээ Челсигийн цэнгэлдэх хүрээлэнд гоё тоглолт үзсэн. Ялангуяа Английн хөлбөмбөгийг цэнгэлдэхэд үзэх их гоё. Шал өөр уур амьсгалтай.

-Та ямар сэдвээр лекц уншсан юм бэ?

-“Монголын гадаад бодлого, бүс нутагт явуулж буй бодлого” сэдвээр Оксфордын их сургууль, Чэтхэм хауст лекц уншсан. Мөн Asia house-д “Монголын эдийн засгийн байдал” гэсэн сэдвээр лекц уншлаа.

-Тэдний Монголыг сонирхох байдал ямар байна вэ?

-Янз янз. Оюутолгой нь хөдөлчихлөө. Одоо Тавантолгой нь яах бол гээд харж байна. Бид өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилдөг, итгэл алдсан бодлого явуулсан. Энэ алдаанаасаа суралцсан эсэхийг анхаарч байна. Чэтхэм хаус бол И Британийн Хатан хааны харьяаны, шинжлэх ухааны байгууллага. Тэд монголын ардчилал ямар байдалд байгаа, бүс нутагтаа үлгэр жишээ, ардчилсан орон болж чадах уу, Орос, Хятадын дунд оршдог гэдэг утгаар нь манай байр суурь цаашид тогтвортой байж чадах эсэх, Хойд Солонгост ямар нөлөөтэй оролцох, шинээр зарлаж буй төвийг сахих бодлого амжилттай явах уу гэдгийг сонирхож байна.

-Хаанаас юм мэдэхгүй. Гэхдээ их л дарамт, шахалтад орсон учраас Ерөнхийлөгч төвийг сахихаас өөр аргагүй болсон уу?

-Тийм биш л дээ. Төвийг сахих нь харьцангуй том хөрштэй орнуудын бодлогын амжилттай жишээ. Швейцарь байна. Швейцарийн Гадаад хэргийн сайдтай би өргөн дэлгэр яриа хэлэлцээ хийж байна. Ерөнхийлөгч нэг өдөр ч зарласан юм биш. Ерөнхийлөгчийн баг олон жил судалсан. Энэ бол манай өнөөг хүртэл явуулж ирсэн гадаад бодлогын үргэлжлэл. Шинэ юм байхгүй. Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч төвийг сахих бодлогын элементүүд бий. Гадныхан их ойлгож, хүлээж авч байна.

Танайх НҮБ-аар батлуулах уу, яаж хэрэгжүүлэх вэ, хөршүүд чинь яаж хүлээж авав гэж асуудаг. Хөршүүд ч биднээс асуудаг. Олон улсын хэмжээнд энэ талаар гайхаад байгаа зүйлгүй. Монгол Улс явдаг замаараа л явж байна гэсэн байдалтай хүлээж авсан.

-БНХАУ-ын дарга Си Зиньпин дарга хоёр жилийн өмнө манай улсад айлчилсан. Энэ үеэр тус улсад манай үүх түүхийг зарим сурах бичигт санаатайгаар мушгин гуйвуулдаг асуудлаар Ерөнхийлөгч ярилцана гэж байсан даа. Энэ бидний хувьд их эмзэг сэдэв.  

-Энэ талаар ярьсан. Эмзэг сэдэв гэдэг үнэн. Ер нь энэ итгэлцлийн асуудал байгаа юм. Хоёр хөрш бие биедээ итгэх ёстой. Итгэлцэл бий болох ёстойг хятадын тал ч тавьдаг. Та нар бидэнд итгэхгүй байна, танай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байсгээд л хужаа гэх мэтээр дуудах юм гэдэг. Бидэнд ч бас итгэлийн асуудал байна. Хятад Улс хэвлэл мэдээллийн хэрэгслээ маш сайн хянадаг. Гэтэл заримдаа цахим хэвлэлд нь манайтай холбоотой, буруу мэдээ нийтэлдэг талаар бид дурдсан. Манай тусгаар тогтнолыг үгүйсгэх ийм хандлага өөр оронд гардаггүй. Орос эсвэл өөр улсуудад тийм зүйл гардаггүй байх. Харилцан итгэлцэл тогтооё гэвэл илэн далангуй ярих ёстой. Анх удаа хятадын талтай энэ сэдвээр ярилцсан. Одоо ч энэ талаар ярилцаж байна. Итгэлцэл бидний ирээдүйн харилцааны гол үндэс.

-Мүүний шашинтай гэгддэг Б.Насанбаяр танай яаманд ажиллаж байсан бол та ямар алхам хийх байсан бэ?  

-Би шууд л ажлаас нь чөлөөлөх байсан. Л.Гантөмөр сайд чөлөөлсөн нь зөв болсон. Өмнөх ажил нь байж болно. Гэхдээ төрийн албанд орсон бол хүн тэрнээсээ бүрэн салсан, ангижирсан байх ёстой. Харин Б.Насанбаяр өмнөх ажилтайгаа ямар ч хамаагүй гэдгээ нотолж чадаагүй гэсэн ойлголттой үлдсэн.

Мүүний байгууллагатай ямар ч холбоогүй гэдгээ батлаад ажилдаа орж болно шүү дээ.

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Үгүй.

-Та УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатартай сөргөөцөлдөөд авсан.

-Ерөнхий сайдад явуулсан, миний албан бичгийг хэн нэг нь задлаад тавьчихсан болохоос төрийн л ажил шүү дээ. 1949 оны хэлэлцээг өөрчлөхөөр үе үеийн Засгийн газар Оросын талд тавьсан. Ахиц гарсан байсан. Гэтэл Л.Пүрэвбаатар хэний ч зөвшөөрөлгүйгээр, ажлын ярианы дундуур, төрийн хэмжээнд яригдаагүй зүйлийг нөгөө талд ярьчихсан. Иймд нөгөө тал нь төмөр замын дарга чинь ийм асуудал яриад байна, өмнөх тохиролцоогоо өөрчлөх юм уу гэж асуусан. Ерөнхий сайдад энэ талаар өмнө нь энэ талаар мэдэгдэн, түүнийг байлцуулан зөвлөгөөн хийсэн юм. Өөрөө ч миний буруу гээд хэргээ хүлээсэн. Мэдэн будлиад л, өөр юм яриад байна лээ.

-Өндөр албан тушаалд хүрсэн зарим хүнийг муухайгаар нэрлэх боллоо. Оймсонд хавчуулагсад, даргын цүнхийг зөөгчид гэдэг. Таныг ч бас Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөг доор яваа гэдэг.

-Гаднаас нь харвал бараг л тийм юм даа. Гэхдээ би өөрийгөө мэргэжилдээ өсөж өндийж байгаа гэж боддог. Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөг байлгүй яахав. Ажлаа мэдэхгүй хүнийг өргөөд өргөөд босохгүй шүү дээ. Хүн өөрөө шамдангуй, итгэл даадаг байвал чамайг хүн дэмжинэ, итгэнэ. Хүн өөрийнхөө л эзэн.

Ер нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Ажил хийх, хүнтэй харилцах, багаар ажиллах чадвар чухал шүү дээ. Шинээр гарч ирсэн улстөрчид дунд үнэхээр ч оймсонд хавчуулагдаад гарсан хүн ч бий байх.

Гэхдээ одоогоор бид намаар дамжин гарч, төр барьдгаас илүү төгс хувилбарыг олоогүй. Энэ тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Тэтгэвэрт гарсан, Германы нэг зөвлөх надад “Та нар намын тогтолцоог буруутгах нь их буруу. Үүнийг танай УИХ өөрөө хийж байна. Намын нэр хүндийг унагааж байна. Муугүй Үндсэн хуультай болохоор УИХ-ын тухай хуулийнхаа зарим заалтыг л өөрчлөх ёстой” гэсэн юм.

Их Британийн парламент бол их өөр. Хоорондоо цэц булаалдан, мэтгэлцээний зарчмаар ажилладаг. Бусад парламентад гишүүдийн өмнө микрофон байхгүй. Суудал дээрээсээ ярихгүй. Намын бүлгийн төлөөлөл л индэр дээрээс ярьдаг. Иймд илүү хариуцлагатай мэдэгдэл хийдэг. Ингэхээр нам дотроо сахилга баттай, зохион байгуулалттай болдог.

Манай хуульд бас нэг заалт бий. Тэр нь УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Заримдаа чуулганы танхим бие биенээ гүтгэх талбар болдог. Үнэн эсэхийг нь хуулийн байгууллага тогтоогоогүй мэдээлэл цацдаг. Суудал дээрээсээ үг хэлж, популизм хийх замыг нь тавьчихсан юм чинь. Үүнийг халчихвал УИХ-ын үйл ажиллагаа цэгцэрнэ гэж үздэг юм билээ. Бид цаашда энэ чиглэл рүү явна гэж итгэж байна.

Бас нэг зүйл хэлэхэд сонгодог парламенттай ихэнх улсад их хурлын гишүүд нь ажлаа давхар эрхэлдэг.  Энэ тохиолдолд их хурлын тамгын газар нь их сайн ажилладаг. Мөн Ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй. Гэтэл манайд байдаггүй. Ингэж л эрх баригч нам хүчтэй байдаг. Саяхан Австралийн Ерөнхий сайд парламентдаа асуудал оруулан дэмжлэг авч чадаагүй. Иймд парламентаа тараан, ээлжит бус сонгууль явуулж байна. Үндсэн хууль өөрчлөх бол үүнийг ч хэлэлцэх хэрэгтэй.

-Уг нь манай Үндсэн хуулийг Германы жишгээр боловсруулсан шүү дээ.

-Бид дутуу хуулсан. Монголжуулаад юу ч биш болчихлоо. Түүнээс Герман Үндсэн хууль болон Засгийн газрын тогтолцоо нь маш тогтвортой. Дэлхийн II дайнаас хойшхи 70 жилд Германд 7-8 канцлер л ажилласан. Нэг канцлер дунджаар арван жил ажиллажээ.

-Та МоАХ-ыг төлөөлсөн дөрвөн  сайдын нэг. Л.Эрдэнэчимэг гишүүн Баянгол зочид буудлын гадаа болсон үймээний маргааш Ерөнхий сайдад хандан, хэрэв цагдаа нараа анхаарахгүй бол сайд нараа эргүүлэн татна гэж мэдэгдсэн. Энэ танай фракцийнхан хэлэлцээд гаргасан шийдвэр үү?  

-Тэгсэн. Тэрний өмнө фракцын дөрвөн сайд Ерөнхий сайдтай уулзсан. Гэхдээ нам дотроо фракцлах нь буруу. Намын дарга фракцгүй болох уриалга гаргахад зарим нь тодорхой хэмжээгээр дэмжин, нэгдэх нь зөв гэсэн. Гэтэл зарим фракц хүлээж аваагүй, бүүр шинэ фракц төрсөн. Тэгэхээр хуучин фракцууд ажиллахаас аргагүй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр АН өөрөө таван намын нэгдэл. Үүний үр хөврөл одоо ч бий. Залуугаасаа сэтгэл санаа нийлсэн хүмүүс олон.

Олон нам байж байгаад нэгдсэн АН байтугай нэг байгаад дотроо задарсан нам ч байна. МАН-ынхан нэг хөнжилд багтахаа болиод саллаа. Саяхны л түүх.

-Гэхдээ Засгийн газраас дөрвөн сайд нь гарвал төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Фракцийн эрх ашиг Засгийн газрын эрх ашгаас илүү чухал юм уу?

-Гэхдээ бид гараад явчихаагүй. АН ил зодолддог ч дотроо  учраа олоод, засгаа бүтнээр нь аваад явж байна.

7

-Та өмнөх, Гадаад хэргийн сайд нартай уулзаж, зөвлөгөө авдаг уу?

-Тэгэлгүй яахав. П.Шагдарсүрэн гэж одоо 98 настай хүн бий. БНМАУ-ын отгон хөдөлмөрийн баатар. Амьд түүх болсон хүн. Би хүндэтгэл үзүүлэн уулздаг. Х.Чойбалсангийн туслахаар ажиллаж байсан юм. Ц.Гомбосүрэн, Д.Ёндон сайд нар байна. Н.Энхболд, С.Оюун сайд гээд сүүлийн үеийн сайд нартай ч уулзана. Тэднээс сонсох юм их бий. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров арван жилийн өмнө дөнгөж сайд болоод манай улсад айлчилсан юм. Н.Энхболд тэр үед Гадаад хэргийн сайд байсан болохоор би уулзан, өмнөх айлчлалаар нь ямар бэлэг өгсөн бэ гэдгээс эхлээд л асууна шүү дээ.

Өмнөх сайд нар үнэтэй зөвлөгөө өгдөг. Тэд түүхийн амьд гэрч учраас үгийг нь сонсох ёстой. Түүх том сургамж. Залуу болон ахмад дипломатуудыг холбохын тулд Дипломатуудын клубыг байгуулсан. Манай ахмадууд ч ярих дртай байдаг. Залууст сургамжтай шүү дээ.

-Гадаад хэргийн сайдад ямар бэлгийг түгээмэл өгдөг вэ?

-Хамгийн их ирдэг бэлэг нь үзэг. Одоо өмнөх шиг үзгээр бичих нь цөөрсөн. Голдуу компьютер хэрэглэж байна. Гэхдээ ойрын харилцаатай, Гадаад хэргийн сайд нар нэг нэгэндээ гараар захидал бичих нь бий. Шинэ жилийн мэндчилгээг гараар бичих нь хамгийн дээдээр анхаарч байгаагийн илэрхийлэл.

-Та ямар нэг брэндийн үзэг, цаганд хорхойсдог уу?

-Би үзэг, цагаар чамирхдаггүй. Эд бол хэрэглээний л зүйлс. Намайг зөвлөхөөр ажиллаж байхад Ерөнхийлөгч гарын үсэг зурсан цагаа бэлэглэсэн юм. Энэ цагийг л зүүж байна.

-Таны ширээний ном?

-Сүүлийн үед би интернэтээр ном авах болсон. Түүхийн ном унших дуртай. Дэлхийн дипломат түүхийг харъя гэвэл Киссенжерийн “Дэлхийн тогтолцоо”, “Дипломат” гэсэн хоёр номыг унших хэрэгтэй. “Дипломат”-ыг монгол руу орчуулсан юм. Би зохиогчтой уулзах завшаан олдож, номон дээрээ гарын үсэг зуруулж авсан. АНУ руу нэг яваад ирэхэд арваас доошгүй номтой ирдэг. Энэ нь тэр улсын шинжлэх ухааны чадамжийг нь харуулж байгаа байх. Хоёр хөршийн тухай номыг уншиж байх ёстой.

-Та хамгийн сүүлд хэзээ, ямар магтаал сонсов?

-С.Лавров сайдын айлчлалын дараа УИХ-ын олон гишүүн, найз нар маань баяр хүргэсэн.

-Шүүмжлэлд өртөх үе бас бий. Таныг хамгийн их бухимдуулсан шүүмжлэл юу вэ?

-Санахгүй байна. Би шүүмжлэлд нээлттэй ханддаг. Буруу зүйл хийсэн бол маш хурдан уучлал хүсэн, шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Хүүхдэдээ ч ингэж хэлдэг. Түүнээс бухимдаад яваад байж болохгүй. Ажил хийсэн хүн бүр шүүмжлэл сонсдог. Цахим орчин дахь шүүмжлэлийг харахаар ихэнх нь буруу мэдээлэлд үндэслэсэн байдаг. Сонгууль ойртсон учраас мушгисан шүүмжлэл ч бий. Аливаад хүлээцтэй хандан, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь том чанар. Зохион байгуулалттай, гадаад улсын юм уу, ямар ч дайралтад орж болно.

Дипломат хүний сэтгэлзүй тогтвортой байх ёстой. Шүүмжлэлд тайван хандах нь зөв. Бухимдах нь буруу шийдвэр гаргахын үндэс.

-Та хамгийн сүүлд хэзээ загнуулав?

-Ээждээ, ахдаа загнуулна. Албаны хэргээр харин загнуулснаа санахгүй байна.

НСУ руу ажлын айлчлал хийх гээд цаг зав муутай байсан ч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.