Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Брно хотын захиргаа, Масарикийн их сургуулийн хамтран 2016 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Брно хотноо “Монголын өдөрлөг” соёлын арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээ 5 дугаар сарын 16-ны өдөр Брно хотын захиргааны байрны үзэсгэлэнгийн танхимд Чех улсын археологич, судлаач Лумир Йислийн (1921–1969) 1957 оноос 1963 оны хооронд Монгол Улсад ажиллаж байх үедээ авсан гэрэл зургуудын үзэсгэлэнгээр эхлэсэн бөгөөд Лумир Ийсл нь Монгол орны ахуй байдал, соёл, ёс заншилын онцлогийг харуулсан гэрэл зургийн томоохон сан бүрдүүлсэнээрээ хагас зуун жилийн өмнөх Монгол орны соёл, түүх, судалгааны өвөрмөц өв үлдээсэн гавъяатай болохыг Элчин сайд Д.Зүмбэрэллхам нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.
Өдөрлөгийн хоёр дахь өдөр Traveling to the Heart of Asia: A History of Western Encounters with Mongolia сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Масарикийн их сургуулийн байранд зохион байгуулсан бөгөөд Европын арван орны 20 орчим Монгол судлаач, эрдэмтэд оролцож илтгэл тавьсны зэрэгцээ уг арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар нар хүндэт зочноор хүрэлцэн ирж илтгэл тавьж оролцов.
Өдөрлөгийн арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Масарикийн их сургуулийн Философийн факультетийн декан Милан Пол Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг хүлээн авч уулзан Төв Ази судлал тэр дундаа Монгол судлалын талаар санаачлан хийж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж цаашид судалгааны болон боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Өдөрлөгийн гурав дахь өдөр Чехийн Монголч судлаачдын монгол хэлнээс орчуулсан ном, судалгааны бүтээлийн талаар танилцуулга, чөлөөт ярилцлага Брно хотын төв номын санд болсны зэрэгцээ 1928 онд бүтээсэн “Чингис хааны удам” уран сайхны киног нийтэд толилуулав. Лумир Ийслийн гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Европын олон орны нэр хүндтэй эрдэмтэд судлаачид оролцож өргөн хүрээтэй түүхэн сэдвүүдийг хамруулсан энэ хурлын ач холбогдлыг өндөр үнэлэхийн сацуу манай ард түмний угсаа гарвал, түүх соёлыг судлан түгээж байдаг монгол судлаачдад талархал илэрхийлж монгол судлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогын талаар танилцуулав.
Энэ өдрүүдэд монгол хэл олон улсын хэл болж тал талаас цугларсан гадаадын судлаачид хоорондоо монгол хэлээр харилцаж монголын тухай мэдлэг, мэдээллээ харамгүй хуваалцан чуулав.