Гадаад Хэргийн яамны “Олон улсын хамтын ажиллагааны сан”, Канадын “Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн” хамтран энэ сарын 15-18-ны өдрүүдэд “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт Олон улсын семинарыг Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байна.
Энэхүү семинар нь уул уурхайн том том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төр нь ямар оролцоотой байж, ямар үүрэг гүйцэтгэдэг талаар оролцогч орнуудын уул уурхайн яамны төлөөлөгчид харилцан туршлага солилцох, энэ чиглэлд чухам ямар сорилтууд тулгарч байгаа, ямар бодлого, арга замаар шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцох зорилготой юм.
Афганистан, Киргиз, Лаос, Мъянмар, Монголын Засгийн газрын Уул уурхай, Эрдэс баялгийн яамны мэргэжилтнүүд, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан хаагчид оролцож байна. Төлөөлөгчид Оюу Толгойн уурхайд зочилж, бүтээн байгуулалттай танилцана.