Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Норвегийн Вант Улсын АСЕМ-ын Ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч Яанник Гратрудыг Гадаад хэргийн яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Норвеги Улсыг төлөөлөн АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцож буйгаад талархал илэрхийлэв. Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоо нотолсон улсуудын талаар мэдээлж, тус уулзалтад норвегийн талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулах боломжийг судлахыг хүсэв.
АСЕМ-ын Ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч Яанник Гратруд Улаанбаатарт Визийн төв байгуулж, Норвеги руу зорчих виз авах ажлыг хялбаршуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв. Талууд Монгол, Норвегийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ялангуяа, соёл салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Монголын Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиров.