Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Номхон далай, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Филиппин Улсын асуудал хариуцсан газрын дэд захирал Эмило Дэ Мигуэл Калабаг хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АСЕМ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй хурлуудад Испанийн талаас идэвхтэй оролцож буйд талархал илэрхийлж, 7 дугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад өндөр, дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хоёр улсын харилцааг идэвхжүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Ноён Эмило Дэ Мигуэл Калаба Монгол Улс АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр АСЕМ-ын ирээдүйг тодорхойлох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэж, Испанийн дотоодын улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Испанийн талаас өндөр түвшинд оролцохоо нотлов. Тэрбээр хүний эрхийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.