Нью-Йоркийн монгол сургуулийн нээлт 5 дугаар сарын 6-нд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байранд болов. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад төрөлх хэл соёлоо уламжлан үлдээх нь Монгол төрийн чухал бодлого хэмээгээд Нью-Йорк хотод монгол сургууль байгуулах санаачилгыг гарган байраар хангаж байгаа талаар танилцуулав. Тэрбээр цааш нь хэлэхдээ энэ санаачилгад эцэг эхчүүдийн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, цаашид хамтын хүчээр сургуулиа хөл дээр нь босгож, хамтран ажиллахыг уриалав.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Нью-Йорк хот төдийгүй зэргэлдээ Нью-Жерси мужид амьдардаг монголчууд хүүхдүүдийн хамтаар оролцож, сургалтад хүүхдүүдээ хамруулахаар бүртгүүлэв.
Тус сургуульд нийт 20 орчим монгол хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд нас, монгол хэлний мэдлэгээр 3 бүлэгт хуваан хичээлэхээр төлөвлөж байна. Долоо хоног бүрийн Бямба гараг бүрд хичээллэх тус сургуулийн анхны хичээл 5 дугаар сарын 7-ны 10.00 цагт эхэлнэ. Тус сургууль монгол хэл заахаас гадна монгол зан заншил, уламжлалын хичээл орно.