Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг”-т Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.
Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 4 баримт бичгийг хуралдааны үеэр байгууллаа.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын урилгаар Л.Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Парис хотноо зохион байгуулагдсан “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулга-уулзалтад оролцсон талаар болон ИБУИНВУ-д ажиллан Лондон дахь “Asia House”, гадаад бодлогын судалгааны тинк-танк “Chatham House” болон Оксфордын их сургуульд зочилж, Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, манай улсад удахгүй болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн талаар танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.