Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны … дугаар

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ

ТУХАЙ ХУУЛЬ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гадаад харилцаанд нэгдмэл бодлого баримтлах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.Монгол Улсын гадаад харилцааны тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын гадаад харилцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Дипломат албаны тухай хууль[2], Олон улсын гэрээний тухай хууль[3], Монгол Улсын Засгийн газрын тухай хууль[4], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан бусад хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“Монгол Улсын гадаад бодлого” гэдэг нь Монгол Улсаас гадаад улс орон, олон улсын байгууллага, гадаадын бусад этгээдтэй харилцах асуудлаар баримтлах зарчмын байр суурь, зорилго, зорилтыг тодорхойлсон төрийн цогц бодлого мөн. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчим, зорилго, зорилтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгана.

            3.1.2.“Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдал” /цаашид “гадаад бодлогын нэгдмэл байдал” гэх/ гэж улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн салбар дахь төрийн гадаад харилцаа Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчим, гадаад бодлогын үндсэн зарчим, зорилго, зорилтод нийцсэн, өөр хоорондоо харилцан зөрчилгүй, уялдаа холбоотойгоор төлөвлөгдөх, хэрэгжих нөхцөл хангагдсан байхыг хэлнэ.

            3.1.3.“гадаад арга хэмжээ” гэж эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гадаад оронд ажлын айлчлал хийх, олон улсын арга хэмжээнд оролцох, гадаадын зочдыг хүлээн авах, олон улсын арга хэмжээ зохион байгуулах болон Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцээ хийх зэрэг гадаад улс орон, олон улсын байгууллага, бусад этгээдтэй харилцах үйл ажиллагааг ойлгоно.

3.1.4.“дээд түвшний айлчлал” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улсад хийх айлчлал болон гадаад улсын Ерөнхийлөгч, парламентын дарга, Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалыг ойлгоно.

3.1.5.“өндөр түвшний айлчлал” гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайдын гадаад улсад хийх айлчлал, гадаад улсын Дэд ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, угсаа залгамжлах хунтайж, гүн, болон холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд найрамдах улсын төрийн болон парламент, засгийн газрын тэргүүний айлчлал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон төрөлжсөн байгууллагын тэргүүний айлчлалыг ойлгоно.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулийн үйлчлэл нь дараах байгууллага, албан тушаалтанд хамаарна:

            4.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар;

4.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний албан тушаалтан;

                        4.1.3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан;

4.1.4.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

4.1.5.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны бүх шатны байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан;

4.1.6.Үндсэн хуулийн цэц болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан;

4.1.7.аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан;

4.1.8.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар.

5 дугаар зүйл.Төрийн гадаад харилцааны үндсэн зарчим

5.1.Гадаад харилцаанд дараах зарчмыг баримтална:

            5.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх;

            5.1.2.гадаад бодлого залгамж чанартай  байх;

            5.1.3.гадаад бодлого тогтвортой байх;

5.1.4.аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн бодлого харилцан уялдаатай байх;

5.1.5.гадаад бодлогын хэрэгжилт нэгдмэл, харилцан уялдаатай байх;

5.1.6.төрийн нууцыг чандлан сахих;

5.1.7.хариуцлагатай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫГ БОЛОВСРУУЛАХ, НЭМЭЛТ    ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, БОДЛОГЫН УЯЛДААГ ХАНГАХ

 

6 дугаар зүйл.Гадаад бодлогод өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах

6.1.Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчим, зорилго, зорилтод өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн зохион байгуулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

6.2.Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн гадаад бодлогод өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурал хэлэлцэн баталснаар Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт оруулж болно.

 

6.3.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, тодорхой салбарт төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын болон орон нутгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төрийн дунд болон богино хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгүүд нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд туссан гадаад бодлогын үндсэн зарчим, зорилго, зорилтод нийцсэн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГАДААД БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ

7 дугаар зүйл.Төрийн гадаад арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад арга хэмжээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

7.2.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 6.3-т заасан бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан, гадаад арга хэмжээний зорилго, зорилт, гарах үр дүнгийн талаарх тодорхой мэдээлэл, шаардагдах төсвийг хавсаргасан дараагийн жилийн гадаад арга хэмжээний төлөвлөгөөний төслийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

7.3.Энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.8-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны ирүүлсэн гадаад арга хэмжээний төлөвлөгөөний төслийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан шаардлагын дагуу хянан үзэж, холбогдох санал, дүгнэлтээ жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор тухайн байгууллага, албан тушаалтанд буцаан хүргүүлнэ.

7.4.Энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.8-д заасан байгууллага, албан тушаалтны ирүүлсэн гадаад арга хэмжээний төлөвлөгөөний төслийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан шаардлагын дагуу хянан үзэж Засгийн газрын гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг хариуцан зохион байгуулна.

7.5.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргана.

7.6.Төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгах төрийн дээд, өндөр түвшний айлчлалын талаарх саналыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцөн боловсруулж, төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний төсөлд тусгай бүлэг болгон тусгана.

7.7.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 7.3, 7.6-д заасны дагуу боловсруулсан гадаад арга хэмжээний төлөвлөгөөний төсөл болон холбогдох төсвийн төслийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал дүгнэлтийн хамт Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх төлөвлөгөө болон төсвийн төслийн саналд үндэслэн дараагийн санхүүгийн жилийн төрийн гадаад арга хэмжээний төсвийн төслийг боловсруулна.

7.8.Улсын Их Хурал болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвхөн энэ хуульд заасан журмын дагуу боловсруулсан гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд туссан гадаад арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг төсөвтөө тусгаж батална.

7.9.Улсын Их Хурал болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал улсын болон орон нутгийн төсвийг хэлэлцэн баталсны дараа энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байгууллагын дараагийн жилийн гадаад арга хэмжээний төлөвлөгөөг батлагдсан төсөвтөө нийцүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн батална. Эцэслэн баталсан төлөвлөгөөний хувийг 12 дугаар сарын 31-ний дотор гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.10.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан зөвхөн энэ хуулийн 7.9-т заасан эцэслэн батлагдсан төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан гадаад айлчлал, арга хэмжээнд оролцно. Гадаад арга хэмжээний батлагдсан төлөвлөгөөнд тусаагүй гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг урьдчилан авч, гадаад арга хэмжээний төлөвлөгөө батлах эрх бүхий этгээдээр шийдвэр гаргуулна.

7.11.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 7.9-т заасан гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан айлчлалыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл авсан, айлчлалын удирдамж, төлөвлөгөөг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар урьдчилан батлуулсан байна.

7.12.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга бие даан гадаад арга хэмжээ, айлчлал хэрэгжүүлэхгүй бөгөөд дээд шатны Засаг даргаас зөвшөөрөл авч, тэдгээрээс баталсан удирдамжийн дагуу баталсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гадаад улсад албан хэргээр зорчиж болно.

7.13.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гадаад арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайлан, холбогдох саналаа жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.14.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 7.9-т заасан төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, тайлан гарган жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор Засгийн газарт хүргүүлнэ.

7.15.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 7.13-т заасан тайланд өгсөн Засгийн газрын дүгнэлтийг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл хийнэ. Тус байнгын хороо тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ.

7.16.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтны гадаад арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, үнэлэх, тайлагнах дэлгэрэнгүй аргачлал болон холбогдох журмыг Засгийн газар батална.

8 дугаар зүйл.Гадаад арга хэмжээний бэлтгэл хангах

8.1.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан айлчлал, бусад арга хэмжээний бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэхдээ дараах журмыг дагаж мөрдөнө:

8.1.1.Монгол Улсын төрийн дээд, өндөр түвшний айлчлалын удирдамж, төлөвлөгөө, хэлэлцэх асуудал, илэрхийлэх байр суурь, оролцох бүрэлдэхүүний талаарх саналыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна.

8.1.2.Монгол Улсын Засгийн газрын гишүүний айлчлалын удирдамж, төлөвлөгөө, хэлэлцэх асуудал, илэрхийлэх байр суурь, оролцох бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад холбогдох байгууллагын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна.

8.1.3.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т зааснаас бусад төрийн байгууллагын эрх бүхий этгээд, албан тушаалтны гадаад айлчлал, арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө, хэлэлцэх асуудал, илэрхийлэх байр суурь, оролцох бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан гадаад арга хэмжээ эхлэхээс ажлын 15 хоногийн өмнө гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.1.4.Олон улсын чанартай гадаад арга хэмжээнд оролцох байгууллага, албан тушаалтан зохион байгуулагч талын урилга, урилгатай адилтгах баримт бичиг, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажлын удирдамж, хэлэх үгийн төслийг холбогдох бусад баримт бичгийн хамт арга хэмжээ эхлэхээс ажлын 15 хоногийн өмнө гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.1.5.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.1.3, 8.1.4-т заасан санал, албан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэж, санал, зөвлөмж, чиглэл өгнө.

8.2.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8.1-д заасан журмын дагуу гаргасан шийдвэр, санал, зөвлөмжийг гадаад арга хэмжээний үеэр мөрдөх үүрэгтэй.

8.3.Олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, төслийн эх бичвэрийг үзэглэх, гэрээнд гарын үсэг зурах, Монгол Улсын олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх айлчлал зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд шаардлагатай бүрэн эрхийн итгэмжлэл олгох асуудлыг Олон улсын гэрээний тухай хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан айлчлал, арга хэмжээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд шаардлагатай тохиолдолд гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн төлөөллийг оролцуулна.

9 дүгээр зүйл.Гадаад арга хэмжээний хэрэгжилтийн дараа авах арга хэмжээ

9.1.Төрийн дээд, өндөр түвшний айлчлалын дүнг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын гишүүний айлчлал, томилолтын дүнг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хариуцан айлчлал болж өнгөрснөөс хойш ажлын 10 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан санал, дүгнэлт, зөвлөмж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад айлчлал, гадаад арга хэмжээний үр дүнгийн тухай илтгэх хуудас, албан ёсны хэлэлцээний болон уулзалтын тэмдэглэл, айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө зэрэг баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан гадаад арга хэмжээ дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан илтгэх хуудас, уулзалтын тэмдэглэлийн загвар, түүнд агуулах шаардлагатай мэдээлэл бэлтгэх тодорхой аргачлалыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.4.Энэ хуулийн 9.1-9.3 дахь зүйлийн зохицуулалт нь гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрх бүхий этгээдийн тусгайлсан шийдвэрээр зохион байгуулсан гадаад айлчлал, арга хэмжээнд нэгэн адил үйлчилнэ.

 

10 дугаар зүйл.Гадаад арга хэмжээний төсөв

10.1.Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төсвийн ерөнхийлөн захирагч нар гадаад арга хэмжээний төсвийг батлагдсан зориулалтын дагуу удирдан зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй.

10.2.Дараах гадаад арга хэмжээний зардлыг жил бүр гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлнэ:

10.2.1.Монгол Улс олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах зардал;

10.2.2.олон улсын гэрээний дагуу болон олон улсын байгууллага, түүнтэй адилтгах бүтцийн гишүүний хувьд болон олон улсын, бүс нутгийн төсөл, хөтөлбөрийг зохион байгуулагч, оролцогчийн хувьд Монгол Улс төлөх үүрэгтэй татвар, төлбөр, хандив, жил бүр зайлшгүй оролцох үүрэгтэй арга хэмжээний холбогдох зардал.

10.3.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гадаад арга хэмжээний төсвийн төслөө боловсруулахдаа төлөвлөгөөт гадаад арга хэмжээний зардлын 10 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг төлөвлөгөөт бус зайлшгүй гадаад арга хэмжээнд зориулан төсөвлөж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Гадаад бодлогын хэрэгжилтийг уялдуулан

зохицуулах тогтолцоо

11 дүгээр зүйл.Гадаад бодлогын уялдааг хангах тогтолцоо

11.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн нэгдмэл гадаад бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтны гадаад харилцааг төрийн нэгдмэл гадаад бодлого, гадаад арга хэмжээний батлагдсан төлөвлөгөөний хүрээнд уялдуулан зохицуулах, төлөвлөх, хяналт тавих, үнэлгээ хийх үүрэгтэй.

11.2.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүтцэд энэ хуулийн 9.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан бүтэцтэй байна.

 11.3.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтны Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх, гадаад харилцааг холбогдох, хууль, дүрэм, журмын дагуу хэвийн явуулах, төрийн гадаад арга хэмжээний хүрээн дэх төрийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой заавар, зөвлөмжийг тодорхой давтамжтайгаар, мөн тухайлсан арга хэмжээ бүрийн өмнө тогтмол хүргүүлнэ. Заавар зөвлөмжтэй холбоотой тусгайлсан журмыг Гадаад хэргийн сайд батална.

11.4.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах түвшний болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан тушаалтанд зориулсан сургалтыг тодорхой давтамжтайгаар тогтмол зохион байгуулна. Сургалттай холбоотой тусгайлсан журмыг Монгол Улсын Засгийн газар батална. Сургалтын агуулгыг Гадаад хэргийн сайд, холбогдох байгууллагын удирдлага хамтран батална.

            11.5.Цаг үеийн чухал ач холбогдолтой, салбар дундын шинжтэй гадаад бодлогын асуудлаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлд үндсэн чиг үүргийн асуудал хариуцсан болон тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүд багтана. Зохицуулах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

11.6.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гадаад улс орны төрийн байгууллага, хуулийн этгээдтэй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой гэрээ хэлцэл хийх, улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлд гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг урьдчилан авахын зэрэгцээ холбогдох гадаад арга хэмжээнд гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна.

11.7.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын албан тушаалтан гадаад улсад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох, албан ёсны яриа хэлэлцээ явуулахдаа тухайн улс, олон улсын байгууллагын дэргэд суугаа  Дипломат төлөөлөгчийн газарт айлчлал, арга хэмжээний талаар урьдчилан мэдэгднэ. Шаардлагатай тохиолдолд тэднээс зөвлөгөө, зааварчилгаа, холбогдох мэдээлэл авах, дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулах үүрэгтэй.

11.8.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын удирдлага, албан тушаалтантай уулзалт хийх, аливаа арга хэмжээ зохион байгуулахдаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэж мэдээлэл, санал зөвлөмж авах  ба уулзалтын тэмдэглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг баримт бичгийг уулзалт, арга хэмжээ болж дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

11.9.Энэ хуулийн 4.1-д заасан албан тушаалтан холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гадаад арга хэмжээнд оролцох, хувийн хэргээр гадаад улсад зорчихдоо албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийхийг хориглоно.

11.10.Монгол Улсаас гадаад улсад болон олон улсын байгууллагын дэргэд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон албан тушаалтан энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтантай гадаад харилцааны асуудлаар зөвхөн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авч харилцана.

11.11.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан бүтцийн нэгжийн, ийм бүтцийн нэгжгүй тохиолдолд асуудал хариуцсан албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвлөмж авч батална.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ

 

            12 дугаар зүйл.Монгол Улсын байр суурийг илэрхийлэх

 

12.1.Гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаарх Монгол Улсын албан ёсны байр суурийг дараах албан тушаалтан илэрхийлж болно:

            12.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

            12.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга;

            12.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд;

            12.1.4.гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

            12.1.5.эрхлэх хүрээний тодорхой асуудлаар тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн;

                        12.1.6.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч.

12.2.Гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаарх Монгол Улсын албан ёсны байр суурийг илэрхийлэхтэй холбоотой тусгайлсан журмыг Засгийн газар батална.

12.3.Гадаад бодлого, олон улсын харилцаатай холбоотой Монгол Улсын албан ёсны байр суурийн талаарх тайлбарыг зөвхөн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэвлэлийн төлөөлөгч өгнө.

 

13 дугаар зүйл.Олон улсын гэрээ, хэлэлцээр

13.1.Монгол Улсын Засгийн газар хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, хэвлэн нийтлэхтэй холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.

14 дүгээр зүйл.Гадаад харилцааны мэдээллийн нэгдсэн сан

 

14.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн нэгдмэл гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын гадаад арга хэмжээг үр дүнтэй уялдуулан зохицуулах, хяналт тавих, төрийн байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах, гадаад бодлогын судалгааг хөгжүүлэх зорилгоор гадаад харилцааны мэдээллийн нэгдсэн санг байгуулна.

14.2.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлсэн гадаад арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, тайланг тухайн гадаад арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 7 хоногт багтаан гадаад харилцааны мэдээллийн нэгдсэн санд тогтмол оруулна.

14.3.Мэдээллийн нэгдсэн сан байгуулах, мэдээллийг төвлөрүүлэх, боловсруулах, байгууллага хооронд харилцан солилцох, ашиглахтай холбогдсон журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тагнуулын төв байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газар Төрийн нууцын тухай хууль, холбогдох бусад хуулиудад нийцүүлэн батална.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХАРИУЦЛАГА

 

15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

15.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх саналаа үндэслэлийн хамт холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

15.2.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу ирүүлсэн хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, энэ тухайгаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

15.3.Энэ хууль болон хуульд заасан журмын дагуу зохих шийдвэр гаргуулахгүйгээр, эсхүл харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр гадаад улсад айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцох нь тухайн Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтныг огцруулах үндэслэл болно.

15.4.Энэ хууль болон хуульд заасан журмын дагуу зохих шийдвэр гаргуулахгүйгээр, эсхүл харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр гадаад улсад айлчлах болон олон улсын арга хэмжээнд оролцоход гарсан бүх зардлыг айлчлалын бүрэлдэхүүнд оролцсон албан тушаалтнаас гаргуулна.

Гарын үсэг

[1]    Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2]    Дипломат албаны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2000 оны 39 дугаарт нийтлэгдсэн.

[3]    Олон улсын гэрээний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[4]    Монгол Улсын Засгийн газрын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 3 дугаарт нийтлэгдсэн.