Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛЧУУДЫН ХҮРСЭН АМЖИЛТЫГ ДҮГНЭЭД МОНГОЛ ОРОНД ИТГЭЖ БАЙНА ГЭДГИЙГ ТЭМДЭГЛЭН ХЭЛЬЕ“

“МОНГОЛЧУУДЫН ХҮРСЭН АМЖИЛТЫГ ДҮГНЭЭД МОНГОЛ ОРОНД ИТГЭЖ БАЙНА ГЭДГИЙГ ТЭМДЭГЛЭН ХЭЛЬЕ“

600x6003

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МҮОНТВ ММ агентлаг:

– ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук танд эхний асуултыг тавьж байна. Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулаад 25 жил боллоо. Хоёр Герман дахин нэгдээд мөн 25 жил болж байна. Хоёр улсын  25 жил гэсэн тодотголтой ардчиллын үйл явц болон үнэт зүйлсийг та хэрхэн харж, үнэлж байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук:

-Хуучин социалист лагерьт байсан орнууд ардчилалд шилжих гэж зарим ээдрээтэй замыг туулсан. Бид үүний гэрч болсон. Монгол Улс 25 жилийн турш ардчиллын зарчмыг хэр зэрэг тууштай баримталж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зогсолтгүй тэмцэж ирснийг бид маш өндөр үнэлж байгаа. Үүнийг онцгойлон тэмдэглэмээр байна.

Хөгжлийн шатанд шүүмжлэх зүйл мэдээж гардаг. Авлига, албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт зүйл байна. Монгол Улс ардчиллын зарчмаар бий болгосон институциа улам бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулж чадсан гэж бид дүгнэж байна. Эрх зүй, шүүх, эрх мэдлийн салбарт илүү итгэл бий болж чадсан. Улс төрийн бодлогод олон нийтийн оролцоо өндөр байна. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлсэн байна. Мөн 25 жил ардчиллын замаар явсан туршлагаасаа бусад ардчилал хөгжиж буй орнуудтай хуваалцаж байна. Жишээлбэл, сонгуулийн систем, ардчилсан сонгуулийг хэрхэн явуулах талаар туршлагаасаа хуваалцдаг орон болсон нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Аливаа ардчилсан орны хөгжлийг улам сайжруулах, зөв болгох талаас нь ажиллах ёстой. Монголын хүрсэн амжилтыг бид дүгнээд Монгол оронд итгэж байна гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Германы “Дойчланд” радио” :

– Монгол бол түүхий эдийн асар их баялагтай орон юм. Танай хоёр хөрш оронд түүхий эдийн хэрэгцээ байнга байдаг. Гуравдагч хөрш орнуудтай түүхий эдийн тал дээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хэр зэрэг ач холбогдол өгөх вэ. Үүнд ямар бодит тодорхой алхмыг Монголын талаас хийх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Их баярлалаа. Ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцдэг олон мянган хүнд үлгэр жишээ үзүүлдэг Герман Улсын эрхэм Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад айлчилж, хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай уулзаж Монголын ард түмний ололт, амжилтын талаар халуун дотно үг хэлсэнд туйлын их талархаж байгаагаа дахин хэлье.

Хөрөнгө оруулалтын хувьд гуравдагч хөршөөс Монголд хөрөнгө орж ирэх нь сайн гэж бид үздэг. Энэ нь манай үндэсний эрх ашигтай нийцдэг зүйл гэдгийг энд тэмдэглэе. Герман улсын хөрөнгө оруулалтаас бидэнд болгоомжлох зүйл байхгүй. Германаас илүү хөрөнгө оруулалт орж ирж байвал сайн. Герман-Монголын хамтын ажиллагаа илүү өргөжиж байвал бид сайн гэж үзнэ.

Гуравдагч талаас хөрөнгө оруулалт орж ирэх нь манай хоёр хөршийн зүгээс ч гэсэн хөрөнгө оруулалт орж ирэхийг нэмэгдүүлдэг учраас энэ бол сайн зүйл. Эрхэм Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар маш олон уулзалт болж байгаа. Ажил хэрэгч хүмүүс хоорондоо холбоо хэлхээ тогтоож, тодорхой гэрээ, хэлэлцээ хийж байгаад би их баяртай байна.

Монгол- Германы хамтын ажиллагаанд нэг онцлог байгаа. Тэр нь манай хоёр орны хооронд хүний нөөц хангалттай байдаг. Германд мэргэжил эзэмшсэн, хамтарч ажилладаг хүний нөөц хоёр талд хангалттай бий. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын Технологийн их сургууль энэ хөрөнгө оруулалтын суурийг бэлтгэхэд маш чухал ач холбогдолтой сургууль юм. Энэ дэд бүтцээ бид хамтарч байгуулаад явж байгаа нь их чухал. Энд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд та бүхэнд их баярлалаа” гэлээ.