ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв. Тэрээр мэдээлэлдээ “Эрхэм Ерөнхийлөгч, эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа,
Миний бие Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Намайг Монгол Улсад сайхан сэтгэлээр хүлээж авсанд талархаж байна. Өнөө өглөө Төрийн ёслол хүндэтгэлийн гэрт эхний уулзалтаа хийсэнд баяртай байна. Уулзалт, хэлэлцээ амжилттай боллоо.
Би 2012 оны гуравдугаар сард дөнгөж Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад удаагүй байхад миний анхны төрийн зочин болж Монгол Улсын Ерөнхийлөгч очиж байсан юм. Энэ жил 3 дугаар сард мөн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ онд хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах завшаан тохиолдож энэ удаа би Монгол Улсад айлчилж байна. Миний айлчлалын үр дүнд манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа улам бэхжин гүнзгийрэх завшаан тохиож байгаад би туйлын баяртай байна. Уламжлалт сайн харилцааг бэхжүүлэхийн хамт бид өөр нэг зүйлээр холбогдсон хоёр ард түмэн юм.
Энэ онд хоёр Герман дахин нэгдсэний 25 жилийн ой тохиож байна. Монгол Улсад тайван замаар өөрчлөлт хийж ардчилалд шилжсэний мөн 25 жилийн ой тохиож байгаа юм. Ийм тэмдэглэлт ойн жилүүдэд энэ удаагийн айлчлал болж байна. Монгол Улсад ардчилал хөгжихөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чухал үүрэг гүйцэтгэснийг Германы ард түмэн өндрөөр үнэлдэг. Манай ард түмний дунд түүний нэр хүнд маш сайтай байдаг.
Монгол, Германы хооронд олон салбарт хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байна. Тэр дунд соёл, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг дурдаж болно. Мөн харилцан аялж жуулчилсан хүний тоо жилээс жилд өсөх хандлагатай байна.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын Технологийн их сургуулийн үйл ажиллагаа өнгөрсөн жил Монголд эхэлсэн. Энэ сургуульд Монголын аж ахуйн салбарт зайлшгүй шаардлагатай залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Энэ айлчлалын үеэр би энэ сургуулийн үйл ажиллагаатай биечлэн очиж танилцана. Манай хамтын ажиллагааны өөр нэг чухал салбар бол соёлын хамтын ажиллагаа юм. Хоёр улсын археологичид хамтран олон жил үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна. Энэ төсөлтэй танилцах шугамаар би маргааш Монголын хуучин нийслэл Хархоринд очиж төсөл ямар үр дүнд хүрснийг биечлэн үзэх болно.
Манай хоёр орны ард түмний ирээдүйн хамтын ажиллагааг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны судалгааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бас их чухал юм. Монгол Улсын ШУА, Германы шинжлэх ухааны “Лайбниц” нийгэмлэгтэй хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг сайшааж байна. Хамтын ажиллагааны зарим салбарт ахиц гаргах нь зүйтэй юм. Эдийн засгийн хамтын ажиллагааг тодорхой жишээ болгоход манай нийт худалдааны эргэлтийг нэлээд өсгөх бололцоотой. Тал талаасаа санаачилга гарган үүн дээр хамтран ажиллах ёстой.
Намайг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Германы том, дунд үйлдвэрлэл, бизнесийн төлөөлөл орсон. Бид хөрөнгө оруулалтын уур амьсгал, нөхцөл байдлыг сайжруулах талаар харилцан ярилцаж шийдэл олох байх гэж найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, түншлэлийг улам үр дүнтэй болгох чиглэлээр Германы Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллахаар ирээд байна. Үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Хоёр талын улс төрийн харилцааг өндөр үнэлж, нэн ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагааг өндөр үнэлж байна. Бодитой жишээ дурдвал Монголын Зэвсэгт хүчний баг Германы Зэвсэгт хүчний багтай хамтран Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байна.
Төгсгөлд нь манай найрамдлын үнэ цэнийг өндөр үнэлж, хүндэтгэж байна. Хүндэтгэл үзүүлэх нь аргагүй. Яагаад гэвэл Монгол Улс нийгмийн хөгжлийн хувьд өөр замыг сонгож авсан улс орнуудаар хүрээлүүлсэн байна. Монголчууд эрх чөлөө, ардчиллыг дээдэлж, түүний төлөө тууштай тэмцэж байгаад нь хүндэтгэл үзүүлэх нь зохистой юм. Цаашдаа та бүхний замнах замд Герман Улс дэмжлэг үзүүлсээр байх болно” гэв.