Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

151016-10

Гадаад хэргийн яам UPR info олон улсын төрийн бус байгууллага, НҮБ-ын Монгол Улс дахь Суурийн зохицуулагчийн алба, Нээлттэй нийгэм форумтай хамтран Хүний эрхийн төлөв байдлын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаарх уулзалт-ярилцлага, сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

НҮБ-ын гишүүн улс бүр хүний эрхийн төлөв байдлаа 4,5 жил тутам НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн үеэр бусад улсаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг авдаг билээ. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх анхдугаар илтгэлээ 2010 оны 11 дүгээр сард хэлэлцүүлсэн бол хоёрдугаар илтгэлээ 2015 оны 5 дугаар сард  амжилттай хэлэлцүүллээ.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед 64 улсаас нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх үүрэг амлалт аваад байна. Хүлээн авсан зөвлөмжүүдийг асуудлаар нь багцалбал цаазаар авах ялыг халах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөн нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах бүх хэлбэр, тэр дундаа ЛГБТ хүмүүсийг  ялгаварлан гадуурхахтай тус тус тэмцэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, олборлох үйлдвэрлэл, бизнесийн салбарт шударга ёс, хариуцлага бий болгох, олон улсын гэрээнд нэгдэн орох, дотоодын хууль тогтоомжийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэх, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагааг сайжруулах, Хүний эрхийн үндэсний комиссын мандатыг бэхжүүлэх асуудлууд багтсан.

Энэхүү арга хэмжээнд бүх яам, холбогдох агентлаг, УИХ-ын Тамгын газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 40 орчим төрийн албан хаагч, Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүн байгууллагууд болон бусад төрийн бус байгууллагын 30 орчим төлөөлөл оролцов.

UPR info байгууллага Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлгийн талаарх суурь ойлголт, бусад улсын сайн туршлагын талаар танилцуулав. Мөн Хүний эрхийн ТББ-уудын Форумаас  зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт буюу авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, төрийн албан хаагчидтай харилцан санал солилцлоо.

Гадаад хэргийн яам Засгийн газрын төлөвлөгөөнд зөвлөмжийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах байгууллагыг тусгахын зэрэгцээ хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих орон тооны бус хороог  Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй байгуулах, бүх яам, холбогдох агентлагт хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнийг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.