Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙД АОХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

ГАДААД ХЭРГИЙН САЙД АОХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

aoxh-1

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 1-нд Нью Йорк хотноо болсон  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Удирдах зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. “Ардчилал ба аюулгүй байдал” сэдэвт  өндөр түвшний хуралдааныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри даргалж, Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон бусад өндөр албан тушаалтнууд оролцов.

Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн үзэл санаа, Варшавын тунхаглалыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирснийг тэмдэглэж, ардчиллыг хөгжүүлж ирсэн 25 жилийн хугацаанд сайн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог дэмжих, сонгуулийн тогтолцоог сайжруулахад олсон туршлагаас мэдээлэв. Түүнчлэн ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо хамгийн чухал болохыг онцолж, Монгол Улс шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун  байгаагаа илэрхийлэв.

АНУ нь 2015-2017 онд АОХН-ийг даргалж байгаа бөгөөд дарга орны зүгээс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийг оролцоог дэмжих, ардчилал, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдэв.

АОХН-ийн УЗ-ийн 18 дугаар хуралдаанаар Норвеги Улсыг УЗ-ийн гишүүнээр, Монгол Улсыг Гүйцэтгэх хорооны гишүүнээр дахин санал нэгтэй сонгов. АОХН-ийн УЗ-ийн дараагийн хуралдаан 2015 оны 12 дугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болно.