Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗУРГАА.ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО

ЗУРГАА.ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО

26.Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогын зорилго нь хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалахад оршино.

27.Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

27.1.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд  хамгаалах;

27.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн суугаа болон хавсран суугаа улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

27.3.иргэд гадаадад зорчих эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэд эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх;

27.4.гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн улстай хамтран ажиллах;

27.5.гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг тохиолдолд Монгол Улсаас тухайн улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай үзүүлэх;

27.6.гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

27.7.гадаадад байгаа иргэддээ тэдний хууль ёсны эрх, эрх чөлөө, үүрэг, хариуцлагын талаархи болон шаардлагатай бусад мэдээлэл, зөвлөлгөө өгч байх;

27.8.гадаадад буй иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах.