Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Австралийн Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн яамны ТНБД М.Мрдак нар Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, Австрали Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн яамны хооронд байгуулсан Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт нэвтрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг хүчин төгөлдөр болж буйг нотолсон дипломат ноотыг Канберра хотноо хоёр улсын Засгийн газрыг төлөөлж харилцан солилцов.
Энэхүү зохицуулалтын хүрээнд Монгол, Австралийн агаарын тээврийн компаниуд хоёр талын болон гуравдагч талын оролцоотой дотоодын болон олон улсын нислэгт аяллын дугаараа харилцан хуваан ашиглах эрхзүйн үндэс бүрдэж, энэ чиглэлийн шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаа юм. Монгол, Австралийн агаарын тээврийн компаниуд нислэгийн аяллын дугаараа хуваан ашиглах нь хоёр орны бизнес төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, хурдасгахад чухал ач холбогдолтой болох юм.