Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБНЧУ-Д СУУГАА МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

БНЧУ-Д СУУГАА МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, П.Шагдар захиралтай “Нико.ком” ХХК-тай хамтран 2015 оны 7 дугаар сарын 11-ны өдөр “Чех, Европын хийморьтой Монголчууд 2015” нэрийн дор Прага хотноо анх удаа зохион байгуулаа.

Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Зүмбэрэллхам нээн наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, язгуур урлагийн “Хосоо&Трансмонголия”, “Дүнжингарав” хамтлагууд хуран цугласан олонд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьжээ.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн начин Л.Батмөнх түрүүлж, аймгийн начин Ц.Цэрэнпунцаг үзүүрлэлээ. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүд бүгд аймаг, цэргийн цолтой бөхчүүд байсан нь энэ жилийн бөхийн барилдааны чанар, чансаа дээшилснийг илтгэж байна. Шагайн харваанд багийн дүнгээр Литомержице хотын баг түрүү байр эзэлсэн бол хувийн дүнгээр дэд мэргэн Г.Энхбаяр тэргүүн байрт шалгарч ЭСЯ-ны нэрэмжит батламж, мөнгөн шагналыг гардан авсан юм.

Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан олон төрлийн арга хэмжээнд наадамчин олон өргөнөөр хамрагдан оролцсон байна. Тухайлбал үндэсний сайхан хувцастан шалгаруулах “Дээлтэй Монгол” наадам, олс таталтын багийн тэмцээнийг үүнд цохон дурдаж болно. Мөн Европын таеквандогийн аварга М.Мөнхтайван ахлагчтай баг тамирчид үзүүлэх тоглолт хийсний зэрэгцээ хоёр насны ангиллаар хүүхэд багачуудын дунд уралдаан, тэмцээн явуулж наадамд хүрэлцэн ирсэн 200 гаруй хүүхдэд “Нико.ком” ХХК-ий зүгээс гарын бэлэг гардууллаа.

Баяр наадмын үеэр наадамчин олноос супер азтангуудыг тодруулж эх орондоо ирж, буцах онгоцны тийз, 42 инчийн LCD телевиз болон нөүтбүүкээр шагнаж урамшуулжээ. Наадмын хүндэтгэлийн цэнгүүнд МУГЖ, дуучин Т.Ариунаа хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн байна. Тэрээр урлагийн тайзнаа гарсны 30 жилийн ойн шоу тоглолтоо Европт ганцхан удаа Прага хотод тоглож буй нь энэ юм.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нэгээхэн хэсэг бөгөөд дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.

OLYMPUS DIGITAL CAMERA

150716-3 (3)