Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД О.ДАМБИЙНЯМ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД О.ДАМБИЙНЯМ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Хасан Руханид 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгчийн ордонд болсон Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын дараа Элчин сайд О.Дамбийнямыг Ерөнхийлөгч Хасан Рухани хүлээн авч уулзан, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд О.Дамбийням Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, найрсаг харилцаатай ЛБНИУ-д Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэн, Монголын тал  хоёр орны найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрдэм шинжилгээний салбарт урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгааг мэдэгдэв.

ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Рухани Монгол, Ираны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцан тохиролцож байснаа онцлон дурдав. Тэрээр Монгол, Ираны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц, бололцоо байгаа талаар дурдаад, Ираны компаниуд Монгол Улсын эдийн засгийн тодорхой салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлж, Монгол-Ираны 13-14 дүгээр зууны хамтын түүх-Ил Хаант Улсын түүхийг судлах нь хоёр орны харилцааны нэгэн онцлог хэсэг болохыг цохон тэмдэглэв.