Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ТУРКИЙН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

МОНГОЛ, ТУРКИЙН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Туркийн Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал, элчин сайд Мехмет Самсартай уулзаж, энэ намар Анкара хотноо зохион байгуулах Монгол, Туркийн Консулын 3 дугаар зөвлөлдөх уулзалтын талаар ярилцав.

2015 оны 11 дүгээр сарын 1-нд болох Туркийн Үндэсний Их Хурлын дахин сонгуульд хилийн чанадад дахь тус улсын иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Монгол, Туркийн Консулын зөвлөлдөх уулзалтын товыг хойшлуулж, ирэх 11 дүгээр сард зохион байгуулах саналтай байгаагаа элчин сайд Мехмет Самсар уулзалтын үеэр илэрхийлэв.

Түүнчлэн Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Хамтран ажиллах тухай Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар, БНТУ-ын Хүн ам, иргэний бүртгэлийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт талууд ойрын хугацаанд гарын үсэг зурах талаар ярилцав.