Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Пранаб Мукержид 2015 оны есдүгээр сарын 2-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Шинэ Дели хотын төвд оршдог Раштрапати Бхаван буюу Ерөнхийлөгчийн ордоны Ашок танхимд болсон Элчин сайд Г.Ганболдын ИЖБ барих ёслолын ажиллагаанд Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн асуудлыг эрхэлсэн Нарийн бичгийн дарга Анил Вадхва, Газрын захирал Прадип К.Рават болон албаны бусад хүмүүс, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд байлцав.
Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг БНЭУ-ын Ерөнхийлөгч П.Мукержид уламжилсны дээр Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Модигийн энэ оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлснийг цохон тэмдэглээд энэхүү харилцаа, хамтын ажиллагааны тодорхой зарим асуудлаар санал солилцов.
Монголын оюутан залуусыг өөрийн их сургуулиудад хүлээн авч суралцуулах, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалтуудад хамруулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэхэд зориулан жил тутам 300 орчим тэтгэлэг олгодог Энэтхэгийн засгийн газар Монгол улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлснийг дэмжиж байгаа бөгөөд манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд нэг тэрбум ам. долларын зээл олгохоо мэдэгдэн, хорт хавдар өвчний эсрэг туяа эмчилгээний сүүлийн үеийн “Бабатрон” хэмээх тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд суурилуулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны орчин үеийн ололтуудыг эзэмшүүлэх аутсорсингийн төвийг Техникийн Их сургуулийн Холбоо мэдээллийн сургуульд байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсны дипломат харилцаа тогтсон бөгөөд монгол, энэтхэгийн ард түмнүүдийн түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоонд суурилсан энэхүү найрсаг харилцаа нэгэн жарныг үдэж, шинэ жаранд дэвшин орж байна.