Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА PDF

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА PDF

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 59 дүгээр чуулган өнөөдөр Австрийн Вена хотноо ажлаа эхлэв. Чуулганаар Агентлагаас ирэх нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батлах юм.

Чуулганы эхэнд Антигуа ба Барбуда, Барбадос, Туркменистан улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэв. Чингэснээр Агетлагийн гишүүн орны тоо 168-д хүрч байна.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано Ерөнхий бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ ирэх долоо хоногт 2015 оноос хойшх тогтвортой хөгжлийн 17 зорилтыг батлахаар олон орны тэргүүлэгчид Нью-Йорк хотноо хуран чуулах гэж байна. Эдгээр хөгжлийн шинэ зорилтууд нь Агентлагийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Тэдгээрт Агентлагийн үйл ажиллагааны цар хүрээнд багтах эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, тэжээл, эрүүл мэнд, байгаль орчин, усны менежментийн асуудлууд орно. Дэлхий нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд цөмийн шинжлэх ухаан, технологи асар их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Миний бие Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хүлээн авсан цагаасаа атомын эрчим хүчийг зөвхөн энх тайвны зорилгоор төдийгүй хөгжлийн төлөө ашиглахыг урьтал болгож ирсэн хэмээн онцлов.

Түүний өгсөн мэдээллээр эдүгээ дэлхийн 30 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ба шинээр 67 цөмийн реактор \ихэнх нь Азид\ барьж байгаа ажээ. Цөмийн эрчим хүчний реакторууд нь дэлхийн цахилгааны хэрэглээний 11 хувийг эзэлж байна.

Үүнтэй зэрэгцээнд цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах асуудал урьдын адил чухлаар тавигдаж байгааг тэрээр мөн онцлон тэмдэглэв. Фукушима Дайчигийн ослын тухай бүрэн хэмжээний тайланг Агентлагийн зүгээс бэлтгэн ийнхүү танилцуулж байгаа нь дэлхий даяар цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно хэмээн үзэж байна гэв. Түүнчлэн, 2016 оны 12 дугаар сард Вена хотноо болох Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын бага хурлыг БНСУ даргалахаар болсонд талархал илэрхийлэв.

Өнөөдөр Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд Казакстан, АНУ, ОХУ, Европын холбоо, БНХАУ, Иран, Украин, Япон зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид үг хэлж оролцсон бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын чухлыг нийтээр онцолж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийлэв. Үүний сацуу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Е3/ЕХ+3 болон Ираны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг түүхэн чухал үйл явдал хэмээн сайшаан дэмжиж байв.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын тус чуулганд манай улсаас Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга Г.Манлайжав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Вена дахь ЭСЯ/БТГ