Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Ц.БАТБАЯР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Ц.БАТБАЯР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Батбаяр БН Куба Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Төрийн Зөвлөлийн орлогч дарга хатагтай Гладис Бехерано Портела (Gladys Beherano Portela)-д итгэмжлэх жуух бичгээ 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөн барьж, Хосе Мартийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагааны дараа Дэд Ерөнхийлөгч хатагтай Гладис Бехерано Портела Элчин сайдыг хүлээн авч уулзан баяр хүргэсний хариуд Элчин сайд Ц. Батбаяр талархал илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

Монгол Улс, Куба Улсын хооронд энэ жил дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг Элчин сайд дурьдаад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэнгийн энэ оны 7 дугаар сард Куба Улсад хийсэн айлчлал хоёр орны хоорондох уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг шинэ шатанд гаргахаар ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Куба Улсад боловсрол эзэмшсэн олон арван монгол оюутан, тэр тусмаа анагаах ухааны салбарын боловсон хүчин эх орондоо амжилттай ажиллаж буйг дурьдаад Куба Улсын Засгийн газар жил бүр монгол оюутан сургахаар тэтгэлэг олгож буйд талархал илэрхийлэв. Хоёр орны эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Дэд Ерөнхийлөгч хатагтай Г. Бехерано Портела мөн илэрхийлжээ.

Монгол Улс, Куба Улс олон улсын тавцанд тэр дундаа НҮБ, 77-ийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд бие биенээ байнга дэмжиж ирснийг талууд тэмдэглээд цаашид ч мөн энэхүү харилцаагаа бэхжүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Раул Кастрод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг дамжуулж өгөхийг хүсээд Монгол Улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгыг дахин нотлов.