Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСААС ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МОНГОЛ УЛСААС ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам байгуулагдсан нэг жилийн ой, Монгол, Бразил хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш сайдын түвшний анхны айлчлалыг тус тус тохиолдуулан албан ёсны нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 24-ний хооронд Бразил Улсад айлчилж буй Уул уурхайн сайд Р.Жигжид хүндэт зочноор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцсон бол Бразилийн Сенатын Тэргүүн дэд дарга ноён Жорж Виана, Гадаад хэргийн дэд сайд ноён Сержо Данез, Бразил Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон салбар бүрээс зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Тус ёслолыг нээж хэлсэн үгэндээ Сенатын Тэргүүн дэд дарга ноён Жорж Виана Бразил, Монголын парламентын бүлгийг санаачлан байгуулахаа уламжилсан бол Гадаад хэргийн дэд сайд ноён Сержо Данез саяхан хоёр орны Засгийн газар хооронд гарын үсэг зурсан боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Гадаад хэргийн яамд хоорондын санамж бичиг болон харилцан визгүй зорчих тухай ноот бичгийн Монгол, Бразилийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг цохон тэмдэглэж, цаашид боломжит бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хүлээн авалтын үеэр монгол зоогоор үйлчилж, монгол уран нугараачид шилдэг үзүүлбэрүүдээ сонирхуулсан нь хүрэлцэн ирсэн зочдын сонирхлыг ихэд татаж байсан бөгөөд ёслолын арга хэмжээ бүхэлдээ Монгол Улсыг сурталчлан, шинээр таниулсан арга хэмжээ болсныг хүндэт зочид онцолж байлаа.